Сурагчид 2019-2020 оны хичээлийн жилийн тал хувьд, 2020-2021 онд нийт хугацааны 1/3-д нь танхимаар, 2/3-д нь зайнаас хичээллэсэн. Үүнээс үүдэн сурагчдын дунд хичээлийн хоцрогдол их гарч байгаа аж. Хэдийгээр зайны сургалтын ирц өндөр, сурагчид дунджаар дунджаар 91 хувийн ирцтэй хичээлдээ оролцож байсан ч үр дүн тааруу гарчээ. Тиймээс Нийслэлийн боловсролын газрынхан сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулж, нийт 22.556 багшийг сургалтад хамруулсан талаар албаныхан мэдээллээ. Танхимаар сурч байгаа хүүхдүүдийн хувьд халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд болоод ажилтнууд өвдсөн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх түр журам батлагдаад байгаа юм.
2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил болоод хичээл сургууль эхэлснээс хойш тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулав. Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцахаас нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн орж байна. Энэ жил сурагчид 5:9 гэсэн зарчмаар хичээллэж буй. Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийг гурав дахь жилдээ амжилттай явуулж, сурагчдын 52.6 хувь нь цахимаар бүртгүүлж, үлдсэн нь уламжлалт аргаараа бүртгүүлэв.