Хичээлийн үйл ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн бүлгийн хүүхдүүдээс коронавирусийн халдвар илрэх болжээ. Иймээс 1594 хүүхдийг зайнаас хичээллүүлэхээр болсон гэнэ. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.
-Одоогоор хэчнээн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зайнаас явуулж байна вэ?
-Өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна. Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу 12-оос доош насныхан суралцдаг анги, бүлгийн вакцинд хамрагдаагүй нэг хүүхдээс коронавирусийн халдвар илэрвэл тухайн анги, бүлгийн хичээлийг зайнаас зохион байгуулна хэмээн тусгасан.
-Өөр ямар тохиолдолд хичээлийг зайнаас явуулах юм бол?
-Хэрэв вакцинжуулалтад хамрагдсан 12-оос дээш насны сурагчтай анги, бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхдээс халдвар илэрвэл тухайн ангийг зайнаас хичээллүүлнэ. Мөн өөр хоорондоо хамааралгүй гурав ба түүнээс дээш анги, бүлгийн хүүхдүүд халдвартай нь батлагдвал тухайн давхарт суралцдаг бүх ангийн хичээлийг танхимаар орохгүй. Эцэст нь, өөр өөр давхрын ангид хичээллэдэг хүүхдүүдээс халдвар илэрвэл сургуулийг бүхэлд нь зайнаас хичээллүүлнэ.
-Зайнаас хичээллэж буй цэцэрлэгийн хүүхдүүд чанартай, хүртээмжтэй сургалт авч чадаж байна уу?
-Сурагчдад теле хичээл орохгүй байгаа. Зөвхөн бие даан суралцах дэвтрийн тусламжтайгаар хичээлээ давтана гэсэн үг. Эл дэвтрийг Боловсролын хүрээлэнгийн цахим хуудаснаас татан авах боломжтой.