Элсэлтийн ерөнхий шалгалтыг өнгөрсөн наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулсан. Үүнд 40 420 элсэгч хамрагдахаар бүртгүүлснээс 36 783 нь оролцжээ. ЭМЯ-ны тухайн үеийн дүнгээр “Ковид-19”-ийн улмаас 170 (нийслэлд 94, орон нутагт 76) хүүхэд хуваарийн дагуух эл шалгалтаа өгч чадаагүй. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй хүүхэд, залуучуудад боломж олгон энэ сарын 2-5-нд элсэлтийн ерөнхий шалгалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу өчигдөр эхэллээ. Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайхантай 17.30 цагийн үед холбогдон энэ талаар тодруулахад “Өнөөдөр (өчигдөр) зохион байгуулж буй элсэлтийн ерөнхий шалтгалтад улсын хэмжээнд 228 хүүхэд хамрагдаж байна. Үүнээс нийслэлд 120, орон нутагт 108 хүүхэд шалгалтаа өглөө. Нэгдсэн дүн хараахан гараагүй байна” гэв.
Бэлтгэсэн Ж.Эрдэнэ