Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор ТЦА-наас хэвлэлийн бага хурал хийлээ. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 286 сургуульд 341 500 сурагч 1-12 дугаар ангид суралцана. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хичээлийн шинэ жилийг нээлт хийлгүй шууд эхлүүлэх юм.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллагаас олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Улсын хэмжээнд 2019 оны есдүгээр сард зам тээврийн ослын улмаас 59 хүүхэд гэмтэж, долоон хүүхэд нас барсан. 2020 оны есдүгээр сард таван хүүхдийн амь хохирч, 96 хүүхэд бэртсэн. Энэ жил ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэнэ. Энэ үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн албан хаагчид сургууль орчмын гарцан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, авах үедээ гарц гарамтай хэсгээр зорчих, гараас нь хөтөлж явах, автомашиндаа аюулгүй тээвэрлэхэд анхаарах шаардлагатай гэдгийг ТЦА-ныхан анхаарууллаа.
Хичээл эхлэхтэй холбогдуулан сургууль орчимд эрсдэлийн үнэлгээ хийж, хурд сааруулагч, замын тэмдэг, тэмдэглэгээ, хяналтын камерыг шалгаснаас гадна нэмж камержуулаад байна. Ингэснээр сургууль орчимд эргүүл хэрхэн ажиллаж байгаа, гарцаар гарч буй явган зорчигчид жолооч нар зам тавьж өгч байгаа, эсэхийг хянах боломжтой болжээ.
Бэлтгэсэн Б.Буянжаргал