2021-2022 оны хичээлийн жилд урьдчилсан тооцооллоор ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 381 мянган хүүхдийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах аж. Үүнтэй холбогдуулан сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдалтай албаныхан танилцжээ. Нийслэлд бүртгэлтэй, төрийн өмчийн 148 сургуулиас 133-т нь “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Эдгээрт нийт 151 гал тогоо байдаг аж. Үүнээс 112 сургууль нь гал тогоогоо бусдад түрээслүүлэх, эсвэл бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх байдлаар эл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бол 21 нь хоол үйлдвэрлэх хэсгээ бие даан хариуцан ажилладаг юм байна. Ер нь түрээслүүлдэг сургуулиудын гэрээг үе шаттайгаар цуцалж, хөтөлбөрийг өргөтгөхөөр төлөвлөсний дагуу явж буй. Энэ хичээлийн жилийн хувьд түрээсийн хэлбэрээр ажилладаг 122 гал тогооны 21-ийнх нь гэрээг цуцалж, сургуулийн захиргаанд нь хариуцуулах болсон. Энэ мэтчилэн явсаар 2024 он гэхэд ерөнхий боловсролын бүх сургууль хоол үйлдвэрлэлээ хариуцдаг болох юм. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраагийн мэдээлснээр түрээсийн гэрээг цуцлахаар сонгосон 21 сургуулийн гал тогооноос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бэлтгэлээ бүрэн хангасан нь гурав л байна. Үлдсэн 18 сургуулийн хувьд өргөтгөл, засварын ажил дуусаагүй, шаардлагатай хүний нөөц нь бүрдээгүй, цайны газрын тоног төхөөрөмжийг бүрэн шийдээгүй зэргээс шалтгаалан “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсээд байгаа гэнэ. Тиймээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахааргүй нөхцөл байдал үүссэн сургуулиудын асуудлыг яаралтай шийдвэрлэхээр албаныхан ажиллаж байгаа аж.
Бэлтгэсэн Ж.Эрдэнэ