Их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийв. Энэ үеэр сэтгүүлчийн асуусан "МУИС, МҮИС хоёрын нэрийн асуудлыг шийдвэрлэхэд яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ. Маш олон жил ярьж байгаа ч холбогдох яамнаас энэ асуудалд тодорхой хариу өгөхгүй байсаар удлаа. Шинэ сайд үүнийг хэрхэн зохицуулах вэ" гэх асуултад БШУ сайд Л.Энх-Амгалан "МҮИС луйвар хийсээр өдийг хүрлээ. Энэ бол төрийн өмчийн нэр. Тиймээс төр нэрийг нь буцаан авах болно.
Нэгдүгээрт, Монголын үндэсний их сургууль гэх нэрийг англи хэл рүү "National University of Mongolia" гэж орчуулдаг. Энэ нь Монгол Улсын Их Сургуулийг гадаадад төлөөлөх нэртэй давхарддаг гэсэн үг. МУИС-ын чансааг олон улсын жишгээс хойш нь татахад МҮИС хамгийн ихээр нөлөөлж байна.
Хоёрдугаарт, орон нутгийн оюутнуудыг төөрөгдүүлж, төлбөрийн мөнгөөр нь хохироох асуудал гарч байна. Иймээс иргэдийг талцуулахгүйгээр МҮИС гэх нэрийг төрийн зүгээс буцаан авах болно" гэв.