Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүр амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд зорчуулдаг. Тэгвэл энэ удаа Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг наймдугаар сарын 28, 29-нд 09.00-19.00 цагийн хооронд хааж, “Автомашингүй гудамж” болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай (Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд), Улсын их дэлгүүрийн урд, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж (Циркээс Их дэлгүүр орох замд), Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Хичээлийн шинэ жилийг угтсан тус үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдтэй хамтран зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст бүртгэж эхэллээ. Үзэсгэлэн худалдааны байршил бүрд үсчин ажиллуулахын дээр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулан мөрдүүлэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-315349 дугаарын утсаар авах боломжтой.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс