Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтыг орон даяар зохион байгуулж дууслаа. Энэ удаа 40 420 элсэгч бүртгүүлэн шалгалт өгсөн бөгөөд улсын хэмжээнд 82 төвд 9250 багш, боловсролын байгууллагын албан хаагч ажиллажээ. Нийслэл болон орон нутагт ноцтой зөрчил гараагүй байна. Харин “Дүн, оноог хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн хэд хэдэн гомдлын мөрөөр хянаж, нягтлахад алдаа байгаагүй аж. Энэ сарын 19-22-нд “Ковид-19” оноштойгоор эмнэлэгт болон гэртээ эмчлүүлж байсны улмаас элсэлтийн ерөнхий шалгалт өгч амжаагүй элсэгчдийг ирэх сарын 2-5-нд хамруулах юм байна. Тэдний хүсэлтийг ЭМЯ-ны дүгнэлттэй харгалзуулан авч үзэж, бүртгэснээр эрх олгох гэнэ.
Бэлтгэсэн Р.Жаргал