Барилгын политехник коллежийн чадамжийн төвийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Барилга, хот байгуулалтын сайд, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нарын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Барилгын Политехник Коллежид 1733 ам метр талбай бүхий хоёр давхар чадамжийн төвийг “Тед констракшн” компани барьжээ.
Чадамжийн төв нь барилгын салбарын долоон мэргэжлийн 10 дадлагын газар, нэг лаборатори, нийт 12 том, 16 жижиг өрөөтэй гэнэ. Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Халамжаас хөдөлмөрт” шилжих гол хөшүүрэг нь мэргэжилтэй ажилтныг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн бэлтгэж, улмаар ажлын байртай болгох явдал юм гэдгийг онцоллоо.
Чадамжийн төв нь арматурын, эрчим хүчний хэмнэлттэй барилгын бүтээц угсрах, өнгөлгөө, чимэглэлийн, шавардлагын, токарийн, хуурай хийцийн, гагнуурын, мужааны дадлагын газар, сэргээгдэх эрчим хүчний лабораторитой аж.