Өнөөдөр эхлэх элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноо мэдээлэх үйл явцыг сурагчдад нээлттэй болох гэнэ. Өөрөөр хэлбэл, шалгалтын материалыг засах, дүн гаргах үйл ажиллагааг төгсөгчид тогтмол хянаж болох аж. “Шалгалтын цаг дуусмагц материалыг хураан авч, битүүмжилнэ. Үүний дараа шалгуулагчдын төлөөлөл, хянагч багшийн хамт шууд засах төхөөрөмж байрласан ангид очиж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэж өгнө. Тухайн мэргэжилтэн шалгалтын хуудсыг шууд засагч төхөөрөмжид уншуулж, анхны оноог олон нийтэд зарлах үүрэгтэй” гэж Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдээлэв. Төгсөгчид live.eec.mn цахим хуудсанд нэвтэрснээр энэ бүх үйл явцыг хянаж болох аж. Мөн тухайн дүрс бичлэгийг нөхөн үзэх боломжтой гэнэ.
Бэлтгэсэн М.Оч