Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас сургууль, цэцэрлэгүүдийн бэлэн байдлыг шалгаж эхэлжээ. Шалгалт ирэх сарын 17 хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнд нь үн дэслэн боловсролын байгууллагуудад зөвлөмж өгөх аж. Улаанбаатарт боловсролын 959 байгууллага үйл ажиллагаа явуулж буйгаас 40 хувийг нь шалгалтад хамруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, 226 цэцэрлэг, ерөнхий боловсролын 114, их, дээд 25 сургуулийг шалгах нь. Мөн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн зургаан төв, цэцэрлэгүүдэд хүнс нийлүүлдэг таван байгууллагыг хамруулах гэнэ. НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Хяналт шалгалтын явцад байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, зөвлөмж өгч байгаа. Жишээ нь, боловсролын байгууллагынхан сургалтын болон дотуур байрандаа ариутгалаас гадна мэрэгч, шавж устгал хийлгэх, дархлаажуулалтын болон шинжилгээний цэгийн зориулалтаар ашигласан сургууль, цэцэрлэгийн халдваргүйжүүлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай. Багш, ажилтан, сурагчдаас халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тусгаарлах байр бэлтгэнэ. Нэг ангид дээд тал нь 20 хүүхэд хичээллэнэ. Сандал хоорондын зай 1.5 метрээс багагүй байх шаардлага тавьж байна. Боловсролын байгууллагуудад эдгээр шаардлага тавьж, мөрдүүлэх арга хэмжээ авах юм” гэв.
Бэлтгэсэн М.Оч