Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий боловсролын 75, 14 дүгээр сургууль, 146 дугаар цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн “Хичээл, сургалт бараг хоёр жил завсарласнаар хоцрогдлыг арилгах том зорилт тулгарлаа. Хичээл, сургалтыг эхлүүлэх бүх зохион байгуулалтыг Засгийн газар хийнэ” гээд багш нараас гадна эцэг, эхчүүдийн оролцоо чухал гэдгийг онцлов. Цэцэрлэг, сургуулийн багш нарын 94 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагджээ.
Япон Улсын буцалтгүй тусламж, ЖАЙКА төслийн хүрээнд 75 дугаар сургууль шинэ байртай болж байна. Тус барилга дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартад бүрэн нийцүүлсэн бөгөөд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурч, хөгжих тэгш хүртээмжит орчныг ч бүрдүүлсэн байна. Цаашид шинээр барих сургуулиудад 75 дугаар сургуулийн барилгын стандарт, жишгийг баримтлах нь зүйтэйг Ерөнхий сайд дурдлаа. Ташрамд дурдахад, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бага, дунд сургуулийн барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах таван үе шаттай төсөл 1999-2021 онд амжилттай хэрэгжүүлж, Улаанбаатарт 49 сургууль болон өргөтгөл барьж, хамрагдах хүүхдийн хүчин чадлыг 24 мянгаар нэмэгдүүлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Япон Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Элчин сайд Кобаяши Хироюкид баяр хүргэлээ.
Үдийн цайны зардлыг 2006-2019 онд үе шаттайгаар нэмэгдүүлж, 900 төгрөгт хүргэсэн. Энэ онд 1500 төгрөг болгон, бага ангийн сурагч үдийн хоолноос хоногийн илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах боломж бүрдээд буй. Өмнө нь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд ногдох 900 төгрөгийн 400 нь цайны газрын түрээслэгчдэд, үлдсэн 500 төгрөг нь хүүхдийн цайнд зарцуулагддаг байсан аж. Харин сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэхийг хориглосноор үдийн хоолонд зарцуулагдах 1500 төгрөг бүгд хүүхдэд зориулагдах юм байна. Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоолтой суралцах нь.