Энэ жил нийслэлд 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулахаар болжээ. Тодруулбал, цэцэрлэгийн багшаар сурч буй төгсөх ангийн оюутнууд үндсэн багшийн ажил дууссаны дараа буюу 16:30-20:00 цагийн хооронд ажиллаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих юм байна. Ээлжийн багштай болсноор цагийн хуваарьт өөрчлөлт орж, эцэг эхчүүд 07:00-09.30 цагийн хооронд хүргэж өгөх бөйгөөд орой 17:30-20:00 цагийн хооронд авах гэнэ. Ингэснээр замын түгжрэл буурч, цэцэрлэгийн үндсэн багшийн ачааллыг багасгаж, мөн ээжүүд бүтэн цагаар ажиллах боломж бүрдэнэ хэмээн албаныхан мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 146-р цэцэрлэгт ажиллаж үеэрээ "Улаанбаатар хотын замын түгжрэлийн 25 орчим хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж, авах гэсэн аав ээжүүдийн хөдөлгөөнөөс үүдэлтэй байдаг. Тиймээс туршилтаар ээлжийн багш ажиллуулах цэцэрлэгийг сонгохдоо "0" зогсолт болдог цэгүүдтэй уялдуулах хэрэгтэй. Хэрэв энэ туршилт амжилттай болбол нийслэлийн хэмжээнд энэ аргачлалыг хэрэгжүүлнэ. Үр дүнг сайжруулахын тулд БШУЯ-тай Нийслэлийн засаг даргын тамгын газар нягт хамтрах ёстой" гэжээ.