- Амеркийн биологичид өвчтөнүүдийн шүлсний дээжээр коронавирусийн ямар хэлбэрийн халдвар авсныг тогтоох “CRISPR/Cas12” тест бүтээснээ “Science advances” сэтгүүлд бичжээ. Үүгээр “SARS-CoV-2” вирусийн альфа, бета, гамма хэлбэрийг танихын сацуу цаашид дельтаг илрүүлэх боломжтойг Массачусетсын технологийн дээд сургуулийн профессор Жеймс Коллинс өгүүлэв. Энэ тестийг шүлснээс гадна хүний билогийн бусад шингэнд ашиглаж болох гэнэ. Өнгөрсөн онд Нобелийн химийн салбарын шагналыг олгосон, ген засварлах “CRISPR/Cas9” технологийн аргаар эл тестийг бүтээсэн гэнэ. Үүнийг камертай ухаалаг утас, үнэ төлбөргүй аппликэйшн, хуванцар танигч хэрэгсэл ашиглан хэн ч гэртээ ашиглах боломжтой.
- Коронавирусийн халдвар авсан хүмүүст уулгаж, эмчлэх артесунат, иматиниб, инфликсимаб бэлдмэлийн туршилтын хоёр дахь шат удахгүй эхлэх гэж буй тухай ДЭМБ-аас мэдээллээ. Эдгээрийг 52 улсын 600 гаруй эмнэлэгт турших гэнэ. Энэ нь эхний шатныхаас 16 орноор олон аж. Нас барах эрсдэлийг бодитойгоор бууруулна хэмээн бие даасан шинжээчдийн бүлэг эдгээр эмийг сонгон, турших болжээ. Артесунатыг хумхаа өвчний хүнд үед, иматинибийг хорт хавдарт, инфликсимабыг ходоод гэдэсний, үе мөчний үрэвсэл зэрэг дархлааны системийн өвчний үед уудаг аж.