Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд сургуульд элсэхэд бэлэн, эсэхийг энэ хичээлийн жилд үндэсний хэмжээнд анх удаа судлахаар болжээ. Судалгааг ирэх сарын 15-наас эхлэн нэг сарын турш явуулах бөгөөд нэгдүгээр ангид элсэж байгаа нийт хүүхдийн 30 хувийг хамруулах аж. БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар энэ талаар “2021- 2022 оны хичээлийн жилд 77 мянган хүүхэд нэгдүгээр ангид орно. Цэцэрлэгийн ахлах бүлгийн, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн багш, бага ангийн сургалтын менежер хамтран судалгаа хийнэ. Энэ нь цаасанд суурилсан бус, багш хүүхэдтэй биечлэн ажиллах судалгаа гэдгээрээ онцлог. Манай улс сургуулийн өмнөх боловсролын түвшинд хүүхдүүдийг хэрхэн бэлтгэж байгааг ийнхүү үнэлнэ гэсэн үг. Үүний зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, цаашдын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх суурь мэдээллийг бүрдүүлнэ” гэсэн юм.
Ташрамд дурдахад, ЭМЯ болон БШУЯ хамтран Сургуулийн өмнөх боловсролын танхимын хичээлийг эхлүүлэхэд дагаж мөрдөх тухай журам баталжээ. Уг журамд нэг ангиас халдвар илэрвэл 14 хоног зайны сургалтад шилжүүлэхээр тусгасан байна. Мөн нэг ангид 20-25 хүүхэд сургахаар төлөвлөжээ. Түүнчлэн халдварын нөхцөл байдал илүү хүндэрвэл цэцэрлэгийн аль нэг давхрыг, эсвэл бүрэн хааж, зайны сургалтад шилжүүлэхээр төлөвлөсөн аж. Харин хүүхдүүдээс халдвар илрэхгүй бол танхимын сургалтыг хэвийн үргэлжлүүлэх гэнэ.
Бэлтгэсэн М.Оч