Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг энэ сарын 16-наас эхлэн цахимаар бүртгэх болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өмнө нь мэдээлсэн. Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилд цэцэрлэгт хүмүүжих хүүхдүүдийг энэ сарын 16-25-нд бүртгэхээр болжээ. Бүртгэлийг уламжлалт аргаар буюу цэцэрлэг бүрт зохион байгуулах юм байна. Цар тахлын улмаас зөвхөн 4-5 настнуудыг цэцэрлэгт хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Цаашид коронавируст халдварын нөхцөл байдлыг харгалзан 2-3 настнуудыг хүлээн авах, эсэхийг шийднэ гэж БШУЯ-наас мэдэгдсэн юм.
Бүртгэлийг хэрхэн зохион байгуулах талаар тус яамныхнаас тодруулахад “Таван настай хүүхдүүд дараа жил сургуульд орох учир цэцэрлэгт бүрэн хамруулна. Дөрвөн настай хүүхдүүдийн хувьд тухайн аймаг, сум, дүүргийн цэцэрлэгийн хүрэлцээг харгалзсаны үндсэн дээр бүртгэх юм. 2-3 настнуудыг хүлээн авахгүй учир цэцэрлэг хүрэлцэхгүй гэх асуудал төдийлөн тулгарахгүй болов уу. Хэрэв хүрэлцээгүй байвал хүүхдүүдийг ойролцоох хувийн хэвшлийн цэцэрлэгт хамруулахаар төлөвлөсөн. Мөн байр түрээсэлж, цэцэрлэг байгуулахаар судалж байгаа. Түүнчлэн цар тахлын улмаас зарим эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт явуулахаас татгалзах магадлалтай. Тиймээс сургуулийн өмнөх боловсролын байгууллага бүр эхний ээлжид хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн судалгааг гаргаж, аав, ээжтэй нь холбогдон, хэрхэхийг нь тодруулахаар болсон” гэлээ.
Ташрамд дурдахад, хүүхдүүдийн хоолны чанар, хүртээмжийг тогтмол хянахын тулд цэцэрлэг, сургуулиудад хоолзүйч ажиллуулах шийдвэрийг Засгийн газраас өчигдөр гаргалаа. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлыг ирэх сарын 1-нээс 1500, 6-9 дүгээр ангийнхыг 1800 төгрөг болгохоор шийдвэрлэв. Нэг хүүхдийн үдийн хоолны зардал өмнө нь 900 төгрөг байжээ.
Бэлтгэсэн М.Оч