2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх сурагчдыг энэ сарын 16-наас эхлэн цахимаар буюу parent.edu.mn сайтаар бүртгэхээр болжээ. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг нэгдүгээр ангид элсүүлэх юм байна. Улсын хэмжээнд энэ жил 80 628 хүүхэд сургуульд орох бөгөөд тэдний 40 330 нь нийслэлд, 40 298 нь орон нутагт суралцах нь. Нийслэлээс Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 10 068 хүүхэд нэгдүгээр ангид элсэх аж. Тэгвэл орон нутгаас Хөвсгөл аймагт 3025 хүүхэд сургуульд орох нь хамгийн өндөрт тооцогдож байна. Элсэлтийг хэрхэн зохион байгуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын мэдээллийн төвийн Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбат “Энэ хичээлийн жилийн элсэлтийг эцэг, эхэд зориулсан цахим системийн тусламжтайгаар зохион байгуулна. Өдгөө хамран сургах тойргийн мэдээллийг системд оруулж байгаа. Уг ажил энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ. Үүний дараа буюу 11-15-нд сургуулиудын Элсэлтийн комисс урьдчилсан бүртгэл хийх юм. Ингээд 16-ны 09.00 цагаас элсэгчдийг цахимаар бүртгэж эхэлнэ. Бүртгэл 25-ны 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд дараа нь сургуулиуд анги, бүлгээ хуваарилахаар төлөвлөсөн. Бүртгүүлсэн хүүхэд аль ангид хуваарилагдсан талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн гар утсанд мессежээр илгээнэ” гэв.
Бэлтгэсэн М.Оч