Нийслэлийн эрүүл мэндийн ажилтнуудын шуурхай хурал болжээ. Нэг тэргүүнд хэлэлцсэн асуудал нь ЕБС болон цэцэрлэгүүдэд байрлаж байгаа халдварын эсрэг дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийг нүүлгэх ажил аж. 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нээс танхимын болон цахим хэлбэрээр хослуулан явуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Тиймээс бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгүүдэд эцсийн халдваргүйжүүлэлт ариутгалыг хийхээр болоод байна.
ЕБС, цэцэрлэг, МСҮТ, политехникийн коллежийн багш ,ажилчдын 90 гаруй хувь нь коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсаныг салбарынх нь яамнаас мэдээлсэн. Мөн энэ сарын 2-ны байдлаар 12-17 насны нийт хүүхдийн 74.8 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна. Энэ хичээлийн жилд 1515 цэцэрлэгт 232 мянган хүүхэд, 854 сургуульд 718.817 сурагч, 75 МСҮТ-д 40.165 суралцагч, 88 их, дээд сургуульд 150.100 оюутан суралцах юм.