Сүхбаатар дүүрэг орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэгдсэн эмнэлэг барихаар өчигдөр шавыг нь тавилаа. Нэгдсэн эмнэлгийг тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 248 дугаар цэцэрлэгийн зүүн талын 12 500 ам метр газарт барьж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нэгдсэн эмнэлгийн барилга нь таван давхар, давхар бүр нь 3000 ам метр талбайтай, нийт 220 ортой байх аж. Мөн дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн төхөөрөмжүүдээр тоноглохоор болжээ. Түүнчлэн эмнэлгийн гаднах 500 ам метр талбайд ногоон байгууламж, иргэд амрах хэсэг, автомашины зогсоол барих юм байна. Тус эмнэлгийг ашиглалтад оруулснаар жилд 11 440 иргэн хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэх нь. Түүнчлэн өдөрт 1300, жилд 338 мянган хүн амбулаторийн үзлэг хийлгэх гэнэ.
Бэлтгэсэн Б.Буянуаргал