Өрнө дорныг холбосон “гүүр” гэгддэг “Сиддхарта” бэсрэг романы нээлтийг зорин очив. Номын орчуулагч Ж.Тана ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангид байхдаа эл романыг англи руу хөрвүүлснээр нь уншжээ. Бүтэн сарын турш шимтэн уншиж, өөрийгөө “олсон” тэрбээр хоёр жилийн дараа буюу арваннэгдүгээр ангид байхдаа “Сиддхарта” номыг дахин сөхөж, аав, ээждээ эх хэл дээр нь уншуулахаар орчуулж эхэлсэн гэдэг. Тухайн үед охин АНУ-ын Юта мужийн ерөнхий боловсролын сургуульд сурч байжээ. Хожим нь Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн-Ази судлаач мэргэжлээр дүүргэж, Оксфордын их сургуульд магистрын зэрэг хамгаалахдаа ч “Сиддхарта”-г сэтгэлдээ тээсээр байсан гэх. Өдгөө тэрбээр “Макензи” компанид зөвлөхийн алба хашдаг. Энэ удаа Ж.Тана “Сиддхарта”-г илүү олон хүнд, тэр дундаа дунд сургуулийн сурагчдад хүргэхээр “барьж авчээ”. Ингэхдээ “Эрдэмт” паблишингийн Э.Саруулд хандаж, тэд хамтарсан байна. Мөн багын найздаа бүтээлийнхээ анхны уншигчдын нэг болох боломжийг олгосноор Ч.Ариунжаргал номын хавтасны зургийг амилуулжээ. Номын нээлтийн үеэр сэтгэлд дотно, халуун дулаан энэ мэт яриа өрнөсөн юм.
Үүнээс гадна Монгол дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн, хатагтай Рутенберг номын нээлтэд ирэв. Тэрбээр хэсэгхэн хугацаанд орчуулагчгүй, монголоор ярьж, номын баярт оролцогчдыг хөгжөөж, бас хүндэтгэл үзүүлсэн. Дараа нь хатагтай Рутенберг “Нобелийн утга зохиолын шагналт, Германы зохиолч Херманн Хессе “Сиддхарта”-г 1922 онд бичсэн билээ. Тухайн үедээ эл ном уншигчдын анхаарлыг татаагүй. 1946 онд Херманн Хессе Нобелийн утга зохиолын шагнал авахад ч уншигчид эл номыг тэгтлээ сонирхоогүй, харин 1962 оноос хойш ихэд алдаршсан. Херманн Хессе амьдралдаа цор ганц бөгөөд анх удаа аялахдаа эл зохиолыг бичих санаагаа олсон гэдэг. Эл бэсрэг романыг 1951 онд анх англи хэлнээ орчуулсан. Өнөөдөр Германд хэвлүүлснээс илүүтэй Япон, Америкт “Сиддхарта”-г илүү олон хувиар хэвлүүлж, сая сая уншигчдын гарт хүрсэн. Та өөрийгөө "олох" аялалд гарахыг хүсвэл “Сиддхарта”-г уншаарай” хэмээсэн юм. Мөн дэлхийн I дайны хүнд хэцүүг мэдэрч, зүрхшээсэн зохиолч дайн дахин бүү давтагдаасай хэмээн уг романыг бичсэн гэлцдэг.
Номын хорхойтнууд уртаас урт дараалалд шил шилээ харан зогсоно. Дараалалд зогсогчид дунд хөгшин, залуу бүгд харагдана. Аливаа ном уншигчгүй бол үсэг, цаас төдийхөн гэдэг дээ. Тиймээс тэдний авахаар тэмүүлсэн эл бүтээл сонирхолтой, сайхан ном гэдэг нь гарцаагүй. Энэ номыг уншсан хэн бүхэн “эморно” эсвэл хөнгөн гунигт автана хэмээн редактор Э.Саруул онцолсон. Харин номын орчуулагч Ж.Тана “Энэ удаад орчуулгаа илүү чамбайруулж, дахин хэвлүүлж байна. Орчин үеийн сонгодог зохиолын нэгд зүй ёсоор ордог тооцогддог эл роман монгол уншигчдын хувьд ч үнэ цэнтэй бүтээл байна гэдэгт итгэж байна” хэмээгээд орчуулгаасаа өөрийн дуртай хэсгээ уншиж сонирхуулсан юм.
Аан тийм, “Интер ном” дэлгүүрийн хоёр давхрын кофе шопын анхилам кофе номын баярыг чимэх бас нэгэн амт байсан шүү. За тэгээд номоо уншаад “эморч” бас дотоодоо чимээлсэн бол сэтгэгдлээ хуваалцах эрх бүгдэд нээлттэйг мэднэ, тийм ээ манайхаан.