Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлынхаа талаар танилцууллаа. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2021-2022 оны хичээлийн жилд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж, хичээллэх талаар танилцууллаа. Тэрбээр "Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг ирэх есдүгээр сарын 1-ээс хичээллэж эхэлнэ. Ингэхдээ таван өдөр танхимаар, есөн хоног гэрээр буюу цахимаар хичээллэнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 185 мянган хүүхэд телевиз, компьютер, гар утасгүйн улмаас цахим хичээлд хамрагдаж чадаагүй гэх судалгаа бий. Мөн 450-570 мянган хүүхэд боловсрол авч чадалгүй, хохирсон байна. 2019-2020 оны хичээлийн жилд нийт хичээлийн агуулгын 47, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувийг сурагчид эзэмшээгүй зэрэг сурагчид хохирсон маш олон тоон үзүүлэлт гаарах боллоо. Тиймээс хүүхдүүдийг дахин хохироохгүйн тулд танхимаар хичээллэж эхлэх зайлшгүй шаардлага тулгарлаа. Эцэг, эхчүүд бодит байдалтай эвлэрч, хүүхдүүдийнхээ боловсрол эзэмших эрхийг зөрчихгүйн тулд төрөөс гаргасан шийдвэрийг дагаж, мөрдөн, хамтран ажиллахыг уриалж байна. Өдгөө манай улсын нийт хүн амын болон 12-17 насны хүүхдүүдийн 60 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна. Иймээс халдварын тохиолдол дахин буурах магадлалтай учир хичээлийг танхимаар болон цахимаар орох шийдвэр гаргалаа" хэмээв.