Ирэх сарын 1-нд танхимын хичээл эхлүүлэхэд мөрдөх заавар зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн яамныхан хамтран боловсруулж эхэлжээ. Уг зөвлөмжийг боловсруулж дууссаны дараа сургуулиудын багш, эмч, нийгмийн ажилтнуудад сургалт явуулж, удирдамж өгөх гэнэ. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас “Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос бага настай хүүхдүүдийг танхимын хичээлд хамруулах, эсэхийг өдгөө судалж байгаа. Хичээлийн жил өнжихөд боловсрол, хүүхдийн ирээдүйн амьдрал гээд олон зүйлд сөргөөр нөлөөлнө. Тиймээс танхимын хичээлийг аль болох эхлүүлэх гарцыг олохоор холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Сургалтыг танхимд болон цахимаар хослуулан явуулах хувилбар бий. Тухайлбал, 40 хүүхэдтэй ангийн 20 нь нэг долоо хоногт цахимаар, бусад нь танхимд хичээллэх маягаар ээлжлүүлэх төлөвлөгөөтэй” гэлээ. Хичээлийн шинэ жил удахгүй эхлэхтэй холбоотойгоор 12-оос дээш настай хүүхдүүдийг энэ сарын 4-нөөс өмнө коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас эцэг, эхчүүдэд зөвлөлөө. Энэхүү хугацаанаас өмнө хүүхдүүд вакцинд хамрагдвал есдүгээр сарын 1 гэхэд хоёр дахь тунг хийлгэж, дархлаа тогтсон байх гэнэ. Манай улс 12-17 настай хүүхдүүдийг “Пфайзер” вакцинаар дархлаажуулж буй билээ