Элсэлтийн ерөнхий шалгалтыг өнгөрсөн сарын 1-4-нд улс даяар зохион байгуулах байсан ч цар тахлаас шалтгаалан хойшлуулсан. Тэгвэл Засгийн газраас уг шалгалтыг энэ сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон билээ. Шалгалтын бэлтгэл ажлын явцын талаар Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга М.Болдсайханаас тодрууллаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх хүрээнд өдгөө ямар ажлууд хийж байна вэ?
-81 байранд шалгалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Нэг ангид 12-15 хүүхэд суулгана. Ширээ хоорондын зай 1.5-2 метр байхаар тооцон бэлтгэж байна. Шалгалтын товыг өөрчилсөнтэй холбоотойгоор сурагчдын суудлын хуваарийг шинэчилсэн. Тиймээс сурагчид бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eec.mn вэб сайтаас шинэчилсэн хуваарийг дахин хэвлэж авах шаардлагатай. Шалгалтын байрыг нэмсэнтэй холбоотойгоор ажиллах хүн, халдвар хамгааллын хэрэгслийн нөөцийг ихэсгэхээр болсон. Одоогоор шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулах, шалгуулагчдын гэрээний хуудас, хос баганан кодыг хэвлэж, танхимын дугаараар хаягжуулж наах зэрэг ажлыг хийж байна. Өнгөрсөн долдугаар сард боловсруулсан сэдэв, даалгаврыг дахин ашиглахгүй, шинэчилж байгаа. Даалгавар боловсруулж байгаа багш нар Улаанбаатар хотоос зайдуу, гар утасны сүлжээгүй газарт, цагдаагийн хамгаалалтад ажиллаж буй.
-Шалгуулагчид коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаж амжих уу. Вакцин хийлгээгүй бол шалгалт өгөх боломжтой юу?
-БҮТ-өөс шалгуулагчдаас иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн дөрвөн төрлийн бичиг баримт шаардана. Өөрөөр хэлбэл, шалгалт өгөх хүүхдүүдээс вакцинд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, өвчлөөд эдгэсэн магадалгаа, шинжилгээний хариу шаардахгүй. Бүртгүүлсэн бүх хүүхэд шалгалт өгөх боломжтой. Бид шалгалтын байрнуудад тусгай анги бэлдсэн. Коронавирусийн шинж тэмдэг илэрсэн шалгуулагч уг тусгай ангид шалгалт өгөх юм. Харин их, дээд сургуулиуд элсэгчдийг заавал дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байхыг шаардаж буй юм билээ.
-Шалгалт авах багш нараас халдвар авсан, тусгаарлагдаж байгаа хүн бий юү. Хэрэв багш халдварт өртвөл нөөц ажилтан бий юү?
-Багш нарын ээлжийн амралт наймдугаар сарын 10-нд дуусаж, бүгд ажилдаа орно. Хэрэв сонгосон багш нар халдвар авах, эсвэл ойрын хавьтал болох зэрэг асуудал тулгарвал нөөцөд ажиллуулах хүн хангалттай бий.
-“Ковид-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүд яах вэ?
-Энэ сарын 19-22-нд “Ковид-19”-өөр өвчилж, эмнэлэгт хэвтэж байгаа, эсвэл гэртээ тусгаарлагдсан хүүхдүүд ирэх сарын 2-5-нд шалгалт өгнө. Энэ тохиолдолд хүүхдүүдээс эмчийн магадалгаа шаардана. Өөрөөр хэлбэл, коронавирусийн улмаас хамрагдаж чадаагүй хүүхдэд зориулсан шалгалтыг дахин зохион байгуулна. Ингэснээр бүх хүүхэд их, дээд сургуульд элсэх боломж бүрдэх юм.
-Коронавирусийн улмаас ирэх сарын 2-5-нд шалгалт өгөх сурагчдад зориулж багш нар дахин өөр сэдэв, даалгавар бэлдэх үү?
-Өдгөө хаалттай бүсэд ажиллаж байгаа багш нар зөвхөн энэ сарын 19-22-ны шалгалтад ашиглах даалгаврыг л боловсруулна. Есдүгээр сарын 2-5-нд ашиглах даалгаврыг тухайн үед нь дахин боловсруулах юм. Энэ сард “Ковид-19”-ийн улмаас хэдэн хүүхэд шалгалт өгч чадаагүйг судалж, тэдэнд зориулсан шинэ даалгаврыг боловсруулах ажлын хэсгийг дахин томилно.
-Шалгалт авах багш нар коронавирусийн PCR шинжилгээнд хамрагдах уу?
-Багш нарыг шинжилгээнд хамруулна. Хариу нь сөрөг гарсан тохиолдолд ажиллуулж, эерэг буюу халдвар авсан байвал оронд нь өөр хүн томилох юм.