Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр Засгийн газар хоорондын тэтгэлэгт хамрагдсан, 2021-2022 онд үргэлжлүүлэн суралцах оюутнууд ирэх сарын 20-ны дотор гэрээгээ сунгахыг Боловсролын зээлийн сангаас анхаарууллаа.
Мөн Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахтай холбогдох асуудлыг “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”, “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам”, “Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт”, БШУ-ны сайдын баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам” зэргээр зохицуулдаг. Дээр дурдсан журмыг баримтлан оюутан сургахдаа тухайн жилийн санхүү, төсвийн бололцоог харгалзан үзэж суралцуулах мэргэжлийн чиглэл, оюутны тоог тогтоож, сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас дээрх журмуудыг хэрэгжүүлэх төсвийн боломжгүй болсон тул Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 2021-2022 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын сургалтад суралцах хүсэлттэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах үйл явц зохион байгуулагдах боломжгүй болжээ.