Ази тивийн шинэхэн аварга боксчин Б.Чинзориг олимпын наадмыг санаснаас эрт өндөрлүүллээ. Тэрбээр дөнгөж сая 16-д шалгарахын төлөөх тоглолтыг Узбекистаны Элнур Абдураимовын эсрэг хийж, 4:1-ээр ялагдлаа. Тулааныг манай тамирчин маш сайн эхлүүлж, хөнгөхөн, оновчтой цохилтоор оноо авсаар 3:2-оор илүүрхэв. Гэвч хоёрдугаар үед урагш нь дайрах нь багасаж, хамгаалтдаа илүү анхаарсан нь буруудав бололтой. Энэ үед узбек тамирчин 5:0-ээр илүүрхлээ. Шийдвэрлэх гуравдугаар үед Б.Чинзориг илүү тоглосон ч эцсийн дүндээ таван шүүгчийн дөрөв нь эсрэг талд ялалтыг өгөв. Хоёр боксчин өмнө нь биесээ нэг нэг хожоод байсан. Б.Чинзориг хамгийн сүүлд энэ оны Азийн аваргад түүнийг 5:0-ээр ялж байсан бол олимпын рингэнд ийн харамсалтай ялагдав.