"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын нээлт Япон улсын Токио хотын цэнгэлдэх хүрээлэнд тус улсын төрийн дуулал эгшиглэснээр эхэллээ. Мөн сувилагч, эмч нартаа Олимпын бамбарыг барих эрхийг өгчээ. Энэ нь хүнд хэцүү цар тахлын үед ЭМЧ, СУВИЛАГЧ нараа алдаршуулж буй чин сэтгэлийн талархал аж.
Монгол Улсын баг тамирчид 190 дүгээрт цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх хуваарьтай байсан. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд Монгол Улсаас оролцох багийн тугчнаар жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг сонгосон билээ. Тэд улсынхаа төрийн далбааг мандуулсаар олимпын наадмын нээлтэд бахархалтайгаар орж ирлээ. Олимпын наадмын нээлтийн тайлбарлагчид манай тамирчдыг танилцуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч нь олон улсад алдартай жүдогийн тамирчин хэмээн оролцогчдод мэдээлсэн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдаа дэмжихээр олимпын нээлтэд оролцож буй. Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдөхөөр Японыг зорьсон. Монголынхоо нийт баг тамирчдад амжилт ерөөе.