Бразил улсад болж буй Америк тивийн аварга шалгаруулах “Copa America” тэмцээний аваргын төлөө тоглох хоёр багийн нэр тодорлоо. Долдугаар сарын 6-нд болсон хагас шигшээгийн эхний тоглолтод Бразилын шигшээ баг Перуг Л.Пакетагийн гоолоор хожсон бол өчигдөр аргентинчууд Колумбыг торгуулийн цохилтоор буулгаж авав.
“Хувь тоглогчийн шагнал надад чухал биш гэж би үргэлж хэлдэг. Бид энд тийм шагналын төлөө ирээгүй” хэмээн тоглолтын өмнө Л.Месси сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр шигшээ багтайгаа хамт тус тэмцээнд түрүүлэхэд бүхий л анхаарлаа төвлөрүүлж буй гэнэ. Учир нь энэ удаагийн Америкийн цом бол түүний хувьд Аргентиний багийн хамтаар том тэмцээнд түрүүлэх сүүлчийн боломж нь юм. Л.Мессигийн анхаарлыг “Барселона” багт болж буй үйл явдал, өөрөө чөлөөт агент болсон нь ч бараг татахгүй байгаа гэж болно.
Тэрбээр Колумбын эсрэг тоглолтод Л.Мартинест гоолын дамжуулалт өгсөн агаад тус тэмцээний түүхэнд таван удаа гоолын дамжуулалт өгсөн тоглогч өмнө нь гарч байгаагүй юм. Түүнчлэн тэмцээний туршид дөрвөн удаа шилдгээр нэрлэгдсэн Л.Месси стандарт цохилтоос хоёр гоол оруулан түү-
хэнд бичигдээд байна. Түүнчлэн 58 удаа стандарт цохилтоос гоол оруулж, мөнхийн өрсөлдөгч К.Роналдугаас илүү гарлаа. Тус тэмцээний туршид Леогийн тогтоож буй дээд амжилт үүгээр дуусахгүй. Дахин нэг гоол оруулахад л 77 гоолтой болж Өмнөд Америкийн улсуудын шигшээ багийн түүхэнд өрсөлдөгчийнхөө хаалганд хамгийн олон бөмбөг оруулсан тоглогчдын жагсаалтад агуу Пелетэй зэрэгцэх юм.
“Copa America-2020”-ийн аваргын төлөө тоглолт ирэх ням гарагт болно.
Аргентин - Колумб 1:1 (3:2 пенальти)
Гоол: Л.Мартинес, 7 минут.
Диас, 61 минут
Шүүгч: Валенсуэла (Венесуэл)
Бразилиа хот. Үндэсний цэнгэлдэх хүрээлэн