БШУ-ны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы үеэр Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдээлэхдээ цэцэрлэг, сургуулийн захирлаар томилогддог хүмүүсийн асуудлыг онцоллоо. Тодруулбал, тэрбээр “Залуучууд их сургууль төгсөөд л орон нутагтаа сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр томилогддог асуудал “шүдний өвчин” боллоо. Мөн олон жил томилогдсон захирлууд өөрийн хүүхдэд ажлаа өвлүүлж өгдөг зэрэг асуудал аймаг, сумдад гарч буй. Тиймээс боловсролын салбарыг улс төрчдийн савраас “мулталж”, удирдлагын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Боловсролын салбарыг улс төрчид удирдаж буй хор уршгийг бид олон жил мэдэрч яваа. Уг нь энэ салбарт мэргэжлийн удирдлага ажиллах ёстой юм. Судалгаанаас харвал 2019-2021 онд 783 сургууль, цэцэрлэгийн эрхлэгч солигдсон байна” гэв.