Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон төв талбайд суулт хийж байгаа эрүүл мэндийн ажилтнууд цалинг хоёр дахин нэмэгдүүлэх асуудлаар энэ сарын 2-ноос хойш төв талбай дээр жагсаж, засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, Онцгой үеийн дэглэмээр эмч, эмнэлгийн ажилчдын цалинг гурав дахин нэмэхээс гадна салбарын нийт ажилчдын цалинг хоёр дахин нэмэхийг ийнхүү шаардаж буй. Хэрэв шаардалгыг хүлээн авахгүй бол ажил хаялт зарлахаа тэд мэдэгдэв.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүд болох Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан, Б.Жаргалмаа, Д.Батлут, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн нар эмч нарыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэн, төв талбай дээр жагсаж байгаа эмнэлгийн ажилчидтай уулзлаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн салбарын ажилчдын хөдөлмөрийг үнэлэх явдал 30 жилийн турш алдагдсан. Засгийн газрын төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын ачааллыг хуваалцах 730 тэрбум төгрөгийг зарцуулах тухай тусгасан. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтын тогтолцоог өөрчилснөөр цалингийн дээд хязгаарыг хассан бөгөөд 3-5 дахин нэмэх боломжтой болсон. Эрүүл мэндийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хөтөлбөр гарсан бөгөөд үүний хэрэгжилтийг шаардаж байна. Би халаадаа тайлаад энд ирэхдээ хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоож, үнэн шударга болгохын тулд хамтарч ажиллана" гэлээ.
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Өнөөдөр бид цар тахлын үед талбай дээр ингээд сууж байгаа нь үнэхээр гашуудалтай байна. Бид 30 жил ярилаа. Энэ бол Монголын ард түмний эрүүл мэндийн асуудал. Төр засгийн бодлого зөв байсан бол гуравхан сая хүн амыг аврах боломж байсан. Төр засаг худал шийдвэр гаргаж, өөрсдийгөө болон биднийг хуурахаа болих хэрэгтэй. Өнөөдөр найм хоног суухад хэн ч гарч ирээгүй. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дундаж цалин улсын дундажаас хоёр дахин бага байхад ажлын ачаалал 4-5 дахин нэмэгдсэн" гэдгийг хэллээ.