- Бразил улс Энэтхэгээс “Коваксин” вакцин авах гэрээгээ түр зогсоосноо мэдээлжээ. Үүний шалтгааныг худалдан авалтын зөрчилтэй холбоотой дуулиан шуугианаас шалтгаалсан хэмээн тайлбарласан байна. Тус улс 20 сая тун вакцин буюу нийт 320 гаруй сая ам.долларын тарилга худалдан авах гэрээ байгуулжээ. Ингэхдээ нэг тунгийн үнийг 15 ам.доллароор авахаар тохиролцсон аж.
- Америкийн Массачусетсийн технологийн дээд сургуулийн мэргэжилтнүүд коронавирусийн халдвартай, эсэхийг тодорхойлох, ялтас бүхий авсаархан аппарат бүтээсэн талаараа мэдээлжээ. Чиптэй төстэй гэж тодотгосон уг зүйлийг бүтээхэд Харвардын их сургуулийн эрдэмтэд хамтарсан гэнэ. Үүнийг амны хаалт, хувцас зэрэгт тогтоож болох учраас “Ковид-19”-ийн халдвар авсан, эсэхийг заавал эмнэлэгт очихгүйгээр мэдэх боломжтой. Тиймээс эдийн засгийн хувьд асар хэмнэлттэй гэдгийг онцлов.
- Австралийн томоохон хотуудад хязгаарлалтын шинэ арга хэмжээ авч эхэллээ. Учир нь дельта хэлбэрийн халдварт Сидней, Брисбэн, Перт, Дарвин хотын 180 орчим хүн өртсөн аж. Тус улсад шинэ коронавирусийн халдварын 31 мянга орчим тохиолдол, үүнээс улбаалсан нас баралт 910 бүртгэгдээд буй юм. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр, халдвар эрчимтэй тархах үед хязгаарлах арга хэмжээнүүдийг цаг тухайд нь маш өндөр түвшинд хэрэгжүүлж чадсанаар хохирол бага амссан аж. Гэтэл дельта хэлбэрийн халдварын тохиолдол ийм олноор илэрч байгаа нь харанга дэлдэх хэмжээ гэж үзлээ.
- “SARS-CoV-2” вирусийн дельта хэлбэрийн халдвартай холбоотойгоор Турк улс зарим чиглэлийн нислэгүүдийг түдгэлзүүлэхээр шийдсэн байна. Тодруулбал, Энэтхэг, Бангладеш, Бразил, Балба, Шри Ланка, ӨАБНУ-ын нислэгүүдийг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хүлээн авахгүй гэнэ.