Гачуурт тосгоны малчдын хүүхдүүдэд зориулж 1987 онд 63 дугаар цэцэрлэгийг барьж, ашиглалтад оруулж байжээ. Өдгөө эл цэцэрлэг зургаан бүлэгтэй бөгөөд жил бүр 240 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог аж. Мөн хувийн цэцэрлэгийн байр түрээсэлж, тойргийнхоо 100 хүүхдийг нэмж хамруулан, 340 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлдэг гэнэ. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газар, Солонгосын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэргэжлийн багтай хамтран тус цэцэрлэгт 100 ортой өргөтгөлийн шинэ барилга барьж өгчээ.
Уг цэцэрлэгийн өргөтгөлийн барилыг ашиглалтад оруулснаар Гачуурт тосгоны цэцэрлэгийн насны 680 хүүхдийн 440 нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо.
Үүнээс гадна НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдэд ээлтэй боловсролын үйлчилгээний орчныг бүрдүүлэх зорилгоор өргөтгөлийн барилгын загвар хийцэд хоол зөөвөрлөх лифт, дотоод агаарын чанарыг сайжруулах автомат шүүлтүүр, цахилгаан болон усны нөөцийн хураагуур сав, эмчийн өрөөнөөс гадна тусгаарлах, эцэг, эхийн өрөө, анги бүрт эрэгтэй, эмэгтэй усанд орох шүршүүр зэргийг тусгаж өгчээ. Мөн цэцэрлэгийн өргөтгөлийн шинэ барилгыг ашиглалтад оруулснаар шинээр 27 ажлын нэмэгдэнэ хэмээн холбогдох албаныхан мэдээлэв. Барилгын ажлыг “Шил дээд” компани 2.2 тэрбум төгрөгөөр хийж, гүйцэтгэжээ.