Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам 38 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулсан гэдгээрээ энэ удаагийн "Болор цом" онцлог байв. Мөн тус наадам энэ жил үзэгчгүй болсон. 38 дахь удаагийн "Болор цом" наадмын тэргүүн байранд буюу “Эгшиглэнт эх”-ийн хишигт найрагчаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул О.Цэнд-Аюуш тодорсон юм. Ийнхүү есөнтөө айрагдаж байсан О.Цэнд-Аюуш "Болор цом-38” наадмын эзэн найрагч боллоо. Харин “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд шалгарав.
Түүнийг Завхан нутгийн зөвлөлөөс нь баяр хүргэн хүлээж авчээ. Улмаар Тод манлай уяач, “Сонор холдинг” ХХК, “Сонор трейд” группын ерөнхийлөгч Б.Энхболд 20 сая төгрөг өгсөн байна. Мөн нутгийн бизнес эрхэлдэг залуусын төлөөлөл О.Цэнд-Аюушт 40 сая төгрөгийн сэтгэлийн өргөл өргөж буйгаа мэдэгджээ.
"Болор цом-38” наадмын тэргүүн шүлэг
ХҮННҮ ХҮН
Хүннү хүний яс
Булшин дотор байхгүй
Хүмүүн болж төрсөн
Бидний дотор байна
Энэ л алтанхан ясыг бид
Хугарахад нь дуу алдан харамсаж
Хавталзахад нь дуугаа хураан гэмшиж
Халахад нь инээд алдан баярлаж
Хөрөхөд нь эмгэнэн гашууддагаа
Хүннү хүний цус
Цагаан хэрмэн дээр байхгүй
Хүн болж төрсөн бидний
Улаан бие дотор байна
Энэ л ариухан цусыг бид
Асгарахад нь нүд хатиран шимширч
Урсахад нь шүд зуун тэсч
Буцлахад нь эрт урдын цаг шиг ээ болж
Бүлэгнэхэд нь эрт оройн дурсамж болдогоо
Хүннү хүний сэтгэл
Өөр хүнд үгүй ээ
Хүй цөглөж төрсөн бидний
Амин дотор байна
Энэ л сайхан сэтгэлийг бид
Гунихад нь нугаран унаж
Баярлахад нь сугаран ургаж
Асахад нь хүлэг мориндоо мордож
Амирлахад нь хөх тэргэндээ ачдагаа
Хүннү хүний зүрх
Хүний, хүний энгэрт байхгүй
Хүйтэн, халуунд дассан
Бидний цээжинд байна
Энэ л алагхан зүрхийг бид
Цохилоход нь ээжийдээ ирж
Цочиход нь аавыгаа алдаж
Булиглахад нь амрагаа олж
Бууралтахад нь хорвоогоос буцдагаа
Хүннү хүний дуу
Харийн хэлэнд байхгүй
Хүний л ээ үр болж төрсөн
Бидний л ээ хоолойд байна
Энэ л гунигтайхан дууг бид
Сонсохдоо зангиран хөндрүүрлэж
Аялахдаа ахыгаа санаж
Дуулахдаа алсыг харуулдаж
Дуусахад нь адуу тангаралдахыг үздэгээ
Хүннү хүний зовлон
Хан улсын шар сударт байхгүй ээ
Хүч чадлаа алдаж яваа бидний
Гашуун нулимсан дотор байна
Энэ л мөнхийн зовлонг бид
Мөрнөөсөө мөр дамжуулан үүрч
Гарнаасаа, гар дамжуулан дүүрч
Бөхийсөн эцгээсээ өвлөн авч
Бөгтийхөөрөө хүүдээ өгдөгөө
Ай Хүннү хүн
Алаг морьдоо
Алтайн нуруунд орхисон
Ай Хүннү хүн
Хар морьдоо
Хангайн нуруунд орхисон
Ай Хүннү хүн
Хээр морьдоо
Хэнтийн нуруунд орхисон
Ай Хүннү хүн
Алдар суугаа
Монголын нуруунд л орхисон.