“Ковид-19”-ийн улмаас хоёр сартай хүүхэд эндсэнийг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэв. Энэ нь манай улсад хүүхэд коронавирусээр нас барсан хоёр дахь тохиолдол юм. Үүнээс өмнө энэ сарын 6-нд найман настай охин “Ковид- 19”-өөр эндсэн билээ. Цар тахал хүрээгээ тэлэхийн хэрээр өвчилсөн хүний тоо улсын хэмжээнд өдөр бүр мянга мянгаар нэмэгдэж байгаа. Ялангуяа хүүхдүүд халдварт өртөх тохиолдол өссөөр буйг эрүүл мэндийн салбарынхан хэлэх болов. Учир нь насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан учраас аюул харьцангуй бага. Харин хүүхдүүдийн тухайд бүгд шахам вакцин хийлгээгүй учраас аюул, эрсдэл маш өндөр.
Олон улсын судалгаануудын үр дүнг харгалзан манай улс энэ сарын дундаас 16-17 настай хүүхдүүдийг “Ковид-19”-ийн вакцинд хамруулж эхэлсэн. Мөн өнөөдрөөс 12-15 насныхан эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр “Пфайзер” вакцин тариулах боломжтой. Тэд эхний тунг хийлгэснээс хойш 21 хоногийн дараа хоёр дахиа тариулна. Түүнээс хойш дахиад 14-21 хоносны дараа л дархлаа тогтох боломжтой. Ингээд тооцохоор бараг хоёр сарын дараа л эрсдэл арилах магадлалтай гэсэн үг. Бас 0-12 насныхныг дархлаажуулсан туршлага олон улсад ч хараахан алга.
Өнгөрсөн сард халдвар авсан нийт хүний 18-19 хувийг хүүхдүүд эзэлж байжээ. Харин өнгөрсөн долоо хоногт уг үзүүлэлт 24-25 хувь болж нэмэгдсэн аж. Тодруулбал, манай улсад 20 015 хүүхэд коронавирусийн халдварт өртжээ. Тэднээс 17 332 нь нийслэлд, 2658 нь орон нутагт оршин сууж буй гэнэ. Мөн гадаадаас ирсэн 24 хүүхэд “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагдсан байна. Өдгөө коронавирусийн улмаас 2014 хүүхэд эмчлүүлж байгаа аж. Халдвар авсан хүүхдүүдийн олонх нь 5-14 насныхан.
Манай улсын насанд хүрсэн иргэдийн олонх буюу 1.7 сая гаруй нь коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэжээ. Тэд халдварт өртөх магадлал харьцангуй бага. Харин хүн амын дунд “Ковид-19”-өөр өвчлөх магадлалтай дөрвөн бүлэг байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Эхний бүлэгт дархлаажуулалтад огт хамрагдаагүй 151 000 гаруй хүн багтжээ. Хоёр дахь нь вакцин хийлгэсэн ч дархлаа тогтох хугацаа буюу 14 хоног нь хараахан болоогүй 171 000 иргэн. Гуравдугаарт, хоёр тун вакцин бүрэн хийлгэсэн ч халдвар авах магадлалтай 381 305 иргэн байна. Тодруулбал, манай улсад ашиглаж байгаа вакцины хамгаалах чадвар 75 хувьтай бөгөөд хоёр тунгаа бүрэн хийлгэсэн дөрвөн хүн тутмын нэг нь халдвар авах магадлалтайг эрдэмтэд тогтоосон гэнэ. Ийнхүү тооцоолсноор дээрх 381 305 гэсэн тоог гаргажээ. Харин дөрөв дэх бүлэг нь хүүхдүүд. Уг бүлэг нь хамгийн том, олон хүнийг хамарсан гэдгээрээ онцлог. Тодруулбал, манай улсад 1 185 991 хүүхэд бий. Халдварт өртөх эрсдэлтэй дээр дурдсан дөрвөн бүлэг нь нийт хүн амын 56 хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл, өдгөө 100 хүн тутмын 56 нь “Ковид-19”-өөр өвчлөх эрсдэлтэй байна. Тэдний олонх нь хүүхэд.
Хүүхдүүд голдуу гэр бүлийнхэн, эцэг, эхээсээ халдвар авч байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ. Тэрбээр “Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад 44 хүртэлх насныхан хамгийн бага хамрагдсан. Нийгмийн идэвх өндөр, ажил хөдөлмөр ид эрхэлж байгаа залуучууд халдварт түлхүү өртөж байгаа. Гэтэл энэ насныхан вакцинд хамгийн бага хамрагдсан. Залуучууд хүүхдүүдтэйгээ хамт амьдрах нь түгээмэл. Тиймээс хүүхэд гэр бүлийн орчинд аав, ээжээсээ халдвар авах тохиолдол олон байгаа юм. Өвчилсөн иргэдийн ойрын хавьтлыг судлахад олонх буюу 75 хувь нь гэр бүлийнхнээсээ халдвар авчээ. Тухайн гэр бүлээс нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцдог нэг гишүүн нь өвчилж, бусдадаа халдвар дамжуулж байна. Харин албан байгууллага, найз нөхдийн хүрээллээс халдвар авсан тохиолдол харьцангуй цөөн” хэмээн мэдээлсэн. Тиймээс эцэг, эх хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэм сахих нь эрсдэлээс сэргийлэх гол хүчин зүйл болохыг зөвлөсөн.
Тэгвэл ямар тохиолдолд хүүхдүүд хүнд өвчилж, улмаар нас барах эрсдэлтэй талаар анагаах ухааны доктор Т.Навчаа “Олон улсын судалгаануудаас харахад 12-оос доош настай хүүхдүүдийн гуравны нэгт нь л шинж тэмдэг илэрч байна. Өөрөөр хэлбэл, энэ насныхан халдварт өртсөн тохиолдолд олонход нь шинж тэмдэг илрэхгүй байгаа юм. Нас баралт, хүндрэл нь насанд хүрэгчидтэй харьцуулахад бага. Харин ямар тохиолдолд хүүхдийн биеийн байдал хүндэрч, нас барах эрсдэлтэй талаар сүүлийн хоёр жилийн турш л олон улсын эрдэмтэд судалж байна. Уг судалгааны үндсэн дээр хүндрэл, нас баралт нь таван шалтгаантай гэж үзсэн. Нэгдүгээрт, нэг нас хүрээгүй, ялангуяа дутуу төрсөн хүүхэд халдвар авсан тохиолдолд биеийн байдал нь хүндрэх магадлалтай. Яагаад гэвэл энэ насны хүүхдүүдийн дархлааны, амьсгалын замын эртхэн тогтолцоо гүйцэд хөгжөөгүй. Хүндрэл үүсгэх хоёр дахь шалтгаан нь таргалалт. Цар тахлаас өмнө хийсэн судалгаагаар манай улсад 6-11 настай дөрвөн хүүхэд тутмын нэг нь таргалалттай гэсэн дүн гарсан. Тав хүртэлх насны найман хүүхэд тутмын нэг нь тарган. Өдөр тутам хүүхэдтэй ажиллаж буйн хувьд эл үзүүлэлт өдгөө нэлээд нэмэгдсэн гэж харж байгаа. Үүний гол шалтгаан нь буруу хооллох, хөдөлгөөний дутагдал. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоол, хүнсэнд маш их анхаарах хэрэгтэй. Сүүлийн хоёр жил цэцэрлэг, сургууль үйл ажиллагаагаа зогсоосон. Түүнчлэн спортын дугуйлан, секц ч хичээллээгүй. Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөний дутагдалд орсон хүүхэд ч цөөнгүй бий. Гурав дахь шалтгаан нь тархины саа, саажилт. Хэвтрийн өвчтэй хүүхдүүд гэсэн үг. Тэд хүнд өвчлөх эрсдэлтэй. Дараагийнх нь даун зэрэг удамшлын өвчтэй хүүхдүүд. Тав дахь эрсдэл нь насанд хүрэгчдийнхтэй адил. Өөрөөр хэлбэл, уушги, зүрхний архаг хүнд өвчтэй, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүд хүнд өвчлөх эрсдэлтэй” гэж мэдээлсэн юм.
Хүнд өвчилсөн хүүхдүүдийг өдгөө Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлэн эмчилж байгаа. Тус төвд “Ковид-19”-ийн эмчилгээнд зориулж дөрвөн тасаг нээжээ. Үүний хоёр нь хүүхдүүдэд, үлдсэн нь жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан тасаг юм байна. Хүүхдийн хоёр тасгийн нэг нь эрчимт, нөгөөх нь ердийн эмчилгээнийх гэнэ. Эдгээр тасагт 60 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж буй аж. Биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй хүүхдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатайг эмч, мэргэжилтнүүд хэлэх боллоо. Тус төвийн захирал Ш.Энхтөр өвчилсөн хүүхдүүдэд ихэвчлэн ямар ямар шинж тэмдэг илэрч байгаа талаар “Хүүхдүүд өвчилсөн тохиолдолд хүндрэл гарах нь харьцангуй бага. Гэхдээ хүүхдүүдийн эрүүл мэнд жилээс жилд муудах болсон. Хавсарсан эмгэг, суурь өвчтэй, зүрхний төрөлхийн гажиг, бодисын солилцооны эмгэгтэй хүүхэд цөөнгүй байна. Насанд хүрсэн хүнд тохиолддог бүх өвчин, эмгэгээр хүүхдүүд өвчилж байгаа. Энэ тохиолдолд хүүхдийн биеийн байдал хүндрэх эрсдэлтэй учраас бид угтуулан эмчлэх тактик баримталж, эмнэлэгт хэвтүүлдэг. Тав хүртэлх насныхан өвчилсөн тохиолдолд хамар битүүрэх, нус гоожих, найтаах, ханиалгах, бөөлжиж, суулгах зэрэг ходоод гэдэсний хямрал түлхүү илэрч байна. Өсвөр насныхны хувьд цээж, толгой, хоолой хөндүүрлэж өвдөх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрдэг” хэмээсэн.
Хүүхдийн өвчлөлтэй холбоотой бас нэг асуудал нь ялгаварлан гадуурхах. Бага насны гурван хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүй И иргэдийн захиалгын дагуу бараа, бүтээгдэхүүн хүргэх ажил эрхэлдэг. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард ажлаа хийж яваад халдвар авчээ. Үүнийгээ мэдээгүй байхдаа тэрбээр гурван хүүхэд, ээждээ халдвар дамжуулж, гэр бүлээрээ өвчилсөн аж. Гэтэл тэдний гэр бүлийнхнийг, ялангуяа хүүхдүүдийг нь хөршүүд нь ялгаварлан гадуурхах болсныг хэллээ. Тэрбээр “Албаныхан олон нийтэд мэдээлэл өгөхдөө “гоё” зүйлс хэлдэг. Жишээ нь, хүүхдүүдийн өвчлөл ихэслээ. Тиймээс эцэг, эхчүүд гэртээ байж хүүхдээ хамгаалах шаардлагатай гэж ЭМЯ-наас өдөр бүр шахам ярьж байна. Гэтэл би ажлаа хийхээ больчихвол хүүхдүүдээ яаж тэжээж вэ. Ийм шалтгаанаар хөл хорионы үед ч ажлаа тасалдуулалгүй хийсэн. Улмаар халдвар авч, гэр бүлээрээ өвчилсөн. Эмнэлгийн ачаалал их, бас хөнгөн өвчилсөн гээд биднийг гэрээр эмчилсэн. Одоо бол бүгд эдгэрсэн. Гэтэл хөршүүд маань биднээс жийрхэж, одоо ч халдвартай хүмүүс гэж үзэж байна. Хүүхдүүдийг минь вирус тээгч гэж харах боллоо. Хүүхдээ хамт тоглуулахаа ч больсон. Гадаа агаарт гаргахаар илт дургүйцдэг хүмүүс ч бий” гэлээ. Бас халдвар авсан эмэгтэйн хоёр хүүхдийг гэр лүү нь оруулалгүй хөөсөн тохиолдол өнгөрсөн өвөл Баянзүрх дүүрэгт гарсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан тэднийг түр хамгаалах байрандаа аваачиж байв. Дээр дурдсан бүсгүйн ярьсан шиг ялгаварлан гадуурхах тохиолдол өдгөө ч ил, далд хэлбэрээр оршсоор байна. Ялангуяа “Хүүхэд хөнгөн, шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилдөг учраас халдвар тээж явах магадлалтай” гэх хандлага энд тэнгүй байгааг хүмүүс хэлэх болсон. Харин ДЭМБ-аас хүүхэд вирус удаан тээхгүй, эдгэрсэн тохиолдолд насанд хүрэгчдийн адил бусдад халдвар тараахгүйг албан ёсоор мэдэгдээд байна.
Бэлтгэсэн: М.Оч