Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллын талаар ярилцах, авч буй арга хэмжээгээ танилцуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзалтыг зохион байгуулжээ. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Ариунаа болон дэд дарга Ч.Нарантуяа нар тавьж буй шаардлагаа танилцуулав. Эрүүл мэндийн салбарын 20 орчим мянган эмч, сувилагч, асрагч цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагад гарын үсэг зурсан талаар тэд мэдээлэв.
Мөн үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн зүгээс эмч нарын илүү цагийн урамшуулал, өрхийн эмнэлгүүдэд олгож эхэлсэн 70.000 төгрөгийн санхүүжилт, вакцинжуулалтын мөнгө эмч нарын дансанд орж ирээгүй байгаа талаар санал солилцов.
Хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр хянаж буй өрхийн эмнэлгүүдэд 70.000 төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй. Өнөөдрийн байдлаар 85 өрхийн эмнэлэг нэхэмжлэхээ ирүүлж, 500 гаруй сая төгрөгийг өрхийн эмнэлгүүдэд шилжүүлсэн гэнэ. Үүнээс гадна вакцинжуулалтын тарилт бүрт 5000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр шийдвэр нь гарсан. Үүний дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн долоо орчим тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Орон нутгийн эрүүл мэндийн газарт гурван тэрбум гаруй төгрөгийг шилжүүлсэн бол нийслэлийн Эрүүл мэндийн газраар дамжуулан дүүргүүдэд 4.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас мэдээлэв.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь бодож өгдөг болох тал дээр арга хэмжээ авч өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүсэв. Уг хүсэлтийг хүлээн авч, бүх эмнэлгүүдэд цалинг нь бүтнээр нь олгох, листээр бодохгүй байх чиглэл өгнө гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ.
Цар тахлын энэ хэцүү цаг үед эмнэлгийн удирдлагууд менежментээ сайжруулж, эмч ажилчдынхаа цалин хангамжийг өсгөх, урамшууллыг өгөх бололцоог гүйцэтгэлийн санхүүжилтээр олгож өгсөн. Гэтэл үүнийг ашиглаж чадахгүй эмч, ажилчдаа хохироож буй эмнэлгийн удирдлагууд байна. Тэдэнд анхааруулах арга хэмжээ авч, шаардлагатай бол хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг яамны удирдлага уулзалтын үед мэдэгдлээ.
Эл уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага дээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хязгаарыг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалин авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байна. Монгол улсын засгийн газарт эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн санал өгч, танилцуулга хийсэн. Удахгүй нааштай шийдвэрүүд гарна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд салбарынхаа талаар танилцуулж, төсвийн тодотголоор зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна" хэмээв.