Ирэх ням гарагт 39 градуст хүрч хэт халахыг ОБЕГ-аас анхаарууллаа. Тодруулбал, маргаашаас эхлэн ихэнх нутгаар 30-34 градус хүрч халах төлөвтэй аж. Энэ сарын хамгийн халуун өдөр нь 27-ны ням гарагт тохиох бөгөөд зарим бүсэд агаарын температур 39 градуст хүрэх магадлалтай гэнэ. Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Төвийн болон говийн аймгуудын нутгаар энэ сарын 27нд хэт хална. Тэр дундаа говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Нууруудын хөндийгөөр 39 градуст хүрч халах төлөвтэй. Говийн аймгуудад 36 градус хүртэл халах нь хэвийн үзэгдэл. Харин 39 градуст хүрэх нь хэт халуунд тооцогдох бөгөөд сэрэмжлэх түвшин гэсэн үг. Тухайн өдөр нийслэлд 33 градус халуун байна” гэлээ.
Тиймээс өндөр настай, зүрх, судасны өвчтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд хэт халуунд гадуур гарахгүй байх, шингэн зүйл их уух, гэртээ байж, толгойдоо хүйтэн жин тавихыг эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөлөө. Мөн иргэд гол, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжээ дээшлүүлж, хүүхдээ эрэг дагуу тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орохгүй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлэв. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд хур тунадас элбэг байсан. Үүний үр дүнд одоогоор нийт нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн ургамал сайн ургасан гэнэ. Үүнд Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг бүхэлдээ хамрагджээ. Мөн Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх сумд газрын гарц сайн байна. Харин манай орны газар нутгийн 10 хувь буюу Өмнөговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн зарим сумд газрын гарц тааруу байсан аж. Бусад нутагт бэлчээрийн ургамлын гарц дундаж түвшинд байгаа юм. Зуншлагын байдлыг газрын зурагт харууллаа.
М.ОЧ