Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий үндэсний, дэд, салбар зөвлөлүүдийн ажиллах журам гэж бий. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 136 дугаар тогтоолоор баталсан уг журмын 4.2-т “Дэд зөвлөлийн дарга нь тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга байна. Салбар зөвлөлийн дарга нь тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга байна” гэж заасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөөг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний зөвлөлийн дарга батлан дэд болон салбар зөвлөлүүдэд хүргүүлж, хэрэгжилтийг нь ханган ажилладаг. ХНХЯ, ХБХХЕГ хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалтыг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар болон 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, санал солилцлоо. Түүнчлэн Ковид цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амьжиргааны нөхцөл байдалд анхаарч ажиллах талаар ярилцлаа.Тус уулзалтад 21 аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн дарга, гишүүд, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.