БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг хойшлууллаа. Наймдугаар сарын хэдэнд авах бол?
-Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалд наймдугаар сард зохион байгуулъя, долдугаар сарын 10 гэхэд орон нутгийн эрсдэлийн нөхцөл байдалд үндэслэн шийдье гэж буй. Энэ шалгалтыг зохион байгуулах нь Боловсролын үнэлгээний төвийн үндсэн ажил. Хаана, хаанаа цар тахлын нөхцөл байдлыг харгалзах ёстой. Уг шалгалтыг долдугаар сарын 1-4-нд авна гэсэн товыг зургаа, долдугаар сард халдварын нөхцөл байдал ямар байх талаар мэргэжлийн байгууллагуудын өгсөн зөвлөгөө, мэдээллийг үндэслэн гаргасан. Гэвч өнөөдөр байдал ямар байгаа билээ. Бид шалгалт өгөх 40 420 хүүхдийн талаарх мэдээллийг ЭМЯ-тай солилцсон. Тэднээс 1060 гаруй нь халдвар авсан, өдгөө эмчлүүлж байна. Тэд шалгалт өгч чадахгүй нь мэдээж. Тэгэхээр хүүхэд бүрт тэгш боломж олгох үүднээс шалгалтын товыг хойшлууллаа. Хүмүүсийн дунд олон янзын яриа бий. Сонгууль явуулж болдог, гэтэл шалгалт өгч болохгүй юу ч гэж байгаа. Сонгуулийн санал хураалтыг орон нутагт зохион байгуулдаг, мөн иргэн санал өгөхдөө 1-2 минут л зарцуулдаг. Харин их, дээд сургуульд элсэх шалгалт өгөхийн тулд хүүхдүүд сумаас аймгийн төвд ирдэг, дунджаар 7000 гаруй хүний бөөгнөрөл үүсдэг. Нэг хүүхэд дор хаяж гурван шалгалт өгнө гээд бодохоор эрсдэл үүснэ. Шалгалт өгч байх үед шинж тэмдэг илрэхгүй байж болох ч дараа нь хөдөө, хээр, эс бөгөөс амралт, зугаалгад байхад бие нь муудан, улмаар амиа алдвал яах вэ. Тиймээс элсэгч хүүхдүүдийн эрүүл мэндийг бодож шалгалтын товыг хойшлуулсан.
-Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах томоохон асуудал тулгамдаж байна. Танай яамны зүгээс ямар төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зорьж байна вэ?
-2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг БШУ-ы сайд баталж, боловсрол, соёл урлагийн газруудад мэдээлэл, чиглэл өгсөн. Багш нар ээлжийн амралтаа эдэлж байгаа ч нэр дурдсан байгууллагууд ажиллаж буй. Энэ хичээлийн жилийн хамгийн гол зорилт бол сүүлчийн хоёр жилийн сурлагын хоцрогдлыг арилгах юм. Хичээлийг аль болох танхимын сургалтаар явуулахын төлөө ажиллана. Сурлагын хоцрогдол арилгах гурван жилийн цогц төлөвлөгөөний төслийг Засгийн газарт танилцуулж, БШУ-ы сайд баталсан. Үүнийг биелүүлэхийн тулд донор болон олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллана. Төлөвлөгөөг ерөнхийд нь “Ногоон гэрэл асаах” хэмээн нэрлэсэн. Хүүхэд бүрийг сургуульд нь явуулах, сурагчдыг эргүүлэн нэгтгэх, багш, эцэг, эхчүүдэд нийгэм, сэтгэл зүйн таатай уур амьсгал, орчин бүрдүүлэх чиглэлд нэгдсэн удирдамж гаргаж байна. Тодорхой шалтгаанаар сургуулийн гадна үлдэж болзошгүй хүүхдүүдийг судалж, илрүүлэн, тэдэнд зориулж хэрэгжүүлэх аргачлал боловсруулж, сургуулиудыг нэгдсэн удирдлагаар хангахаар бэлтгэж байгаа.
2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд цахим болон теле хичээлийг олон түвшинд бэлтгэж сурагчдад заасан. Монгол өргөн уудам нутагтай, айл өрхүүд тархан суурьшдаг учраас эдгээр төрлийн хичээл сурагчдад хүртээмжтэй байж чадсан уу, үгүй бол хүүхдүүдэд хичээлийг хүргэхийн тулд ямар арга технологи хэрэглэх вэ гэдэгт төвлөрч, хоцрогдол арилгах дасгал ажлын дэвтэр боловсруулж байна. Гуравдугаар ангийн сурагч гэхэд нэгдүгээр ангийн хичээлийнхээ 45 хувийг зайнаас судалсан. Хоёрдугаар ангийнхаа хичээлийн 62-68 хувийг нь судлаад буй. Зайнаас судалсан эдгээр агуулгыг гуравдугаар ангид нөхөж, гүйцээх хэрэг гарч байгаа юм. Дасгал ажлын дэвтэр үүнд хэрэг болно.
-Дасгал ажлын дэвтрийг сурах бичгийн хүрээнд боловсруулж байгаа юу?
-Тэгэлгүй яах вэ. Бүхнийг батлагдсан албан ёсны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явуулна. Сая хэлснээ дахин жишээ болгоё. Гуравдугаар ангийн сурагч нэгдүгээр ангид судалбал зохих хичээлийн 45, хоёрдугаар ангийнхаа бол 60 гаруй хувийг зайнаас авчихсан. Тэр хүүхэд гуравдугаар ангидаа хэвийн суралцах ёстой. Хэвийн сургахын тулд нэг, хоёрдугаар ангид орхигдсон болон хоцрогдсон байж болох агуулгуудыг хүүхдэд дасгал ажлын дэвтрээр дамжуулан нөхөж олгох юм. Сургалтын үйл ажиллагааг интеграц хэлбэрээр явуулна гэсэн үг. Ингэхэд тухайн сурагч гурав, дөрөв, тавдугаар ангид суралцахдаа гурван жилийн хугацааны бүхий л алдагдлыг нөхөх бөгөөд сургалт цаашид хэвийн явагдах боломж бүрдэнэ.
-Хичээлийг ирэх есдүгээр сарын 1-нд эхлүүлэх үү?
-Наймдугаар сарын дундуур нөхцөл байдал нааштай болбол энэ төлөвлөгөөгөө эхлүүлэх юм. Хоцрогдол арилгах төлөвлөгөөг тавдугаар сарын 21-нд сайд баталснаас хойших хугацаанд бид оношлох, боловсруулах ажлаа эхлүүлсэн. Нийт сурагчид зориулсан дасгал ажлын дэвтэр, гарын авлагуудыг наймдугаар сарын 1-нд бэлэн болгоно. Тухайн сарын эхний 14 хоногт улсын хэмжээний бүх багшид энэ дасгал ажлын дэвтрийг яаж ашиглах, хоцрогдол арилгах төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх, хүн бүрийн сэтгэл зүрхэнд “ногоон гэрэл яаж асаах”, сургууль завсардаж болзошгүй хүүхдүүдийг ямар арга замаар судалж, илрүүлэх талаар сургалт зохион байгуулна. Хичээл хэзээ ч эхэлсэн бай, бүх хүүхдэд гарааны оношилгоо хийнэ. Үүнээс цааших үйл явц төлөвлөгөөний дагуу байна гэж ойлгож болно. Хичээлийг хэзээ эхлүүлэхийг БШУЯ ганцаар шийдэх боломжгүйг бүгд мэдэж байгаа. “Ковид-19”-ийн тархалт огцом буурч, сүргийн дархлаа тогтсон, эсэхийг мэргэжлийн байгууллагууд тогтоовол бид айдасгүйгээр хичээл, сургалтаа эхлүүлнэ.
-Хэд хэдэн чиглэлийн сургалт явуулна гэхээр амарч буй багш нарыг дуудах нь ээ?
-Багш нар зургадугаар сарын 1-нээс амарсан. Нийт 48 хоногийн амралттай тул наймдугаар сарын 12-ны үед ажилдаа орох ёстой. Элсэлтийн ерөнхий шалгалтын давтлага хичээл удирдсан 6000 гаруй багш улсын хэмжээнд бий. Тэдний ээлжийн амралтад зохицуулалт хийж таарна. Дээр дурдсан сургалтуудыг цахимаар явуулах тул багш хэзээ ч, хаанаас ч хамрагдах боломжтой.