Цар тахлын үед манай улсын эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын салбар "элгээрээ мөлхөж" байгаа гэхэд хилсдэхгүй. "Ковидгүй зуны төлөө" гэх үгэндээ бат итгэсэн эрх баригчид Үндэсний их баяр наадмыг хийхээр 10 тэрбум төгрөг төсөвлөчихсөн. Харамсалтай нь, сонгууль, шагнал гэх элдэв зүйлийн нөлөөгөөр тэдний таамаглал орвонгоороо эргэж, халдварын тохиолдол хоногт 2000 давж, коронавирусийн улмаас 482 хүн нас бараад байна. Наадмыг далимдуулж "Идэх гэсэн өгөөш" буюу 10 тэрбумаа аль хэдийн хуваасан гэх юм билээ. Тиймдээ тэр үү "Цахим наадам хийнэ, илүү гарсан зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна" хэмээн гүрийж сууна, эрх баригчид. Хэдэн зуугаараа амиа алдсан иргэдийн өмнө толгой бөхийлгөж, харуусах ёстой эрх баригчид наадмаа хийнэ л гэсэн бол хийх гэнэ. Улмаар иргэдийн "No_naadam" хөдөлгөөн ч тэдний шийдвэрт нөлөөлж чадсангүй. Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж байх үеэр Г.Занданшатар "Үндэсний их баяр наадмыг ямар учраас хийх ёстой вэ" гэж Соёлын сайд Ч.Номингоос асуухад "Төрт ёсоо дээдэлдэг Монгол хүн бол наадмыг дээдлэн хүндэлж явах ёстой" гэж хариуллаа.
Сайд аа, иргэд чинь амьд үлдэж байж төрт ёсоо дээдлэх бус уу. Хайртай дотнын хүмүүсээ алдчихаад, хэзээ халдвар авах бол гэж айж яваа энэ үед иргэд төрт ёсоо дээдэлж болох ч, найр наадам хийх тэнхэлтэй үлдсэн гэж бодож байна уу.
Үнэндээ иргэд цахим наадмыг эсэргүүцэж, баярт зориулах 10 тэрбум төгрөгөөрөө 500 гаруй амьсгалын аппарат ав хэмээн уриалж байна. Сонгуулиа зохион байгуулсан атлаа ЭЕШ-аа хойшлуулдаг, иргэд нь эсэргүүцсээр байтал үргэлж үл тоодог энэ байдлаа хэзээ зогсоох вэ.