Халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор УОК-оос тодорхой аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, ресторан, кафе, түргэн хоолны сүлжээ ресторан, цайны газрын үйл ажиллагааг заалаар үйлчлэхийг хориглосон. Энэхүү хязгаарлалтын дэглэмийг дахин 10 хоногоор сунгасан болохыг УОК-оос өчигдөр мэдээлсэн юм. Мөн бялдаржуулах төв, бассейн, саун, амралтын газрын үйл ажиллагааг энэ сарын 25-наас 10 хоногоор хориглохоор болсон. Учир нь аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хангалтгүй мөрдсөн гэж үзэж ийнхүү шийдвэрлэжээ.
Үүнийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж "Тэвчээр тасарлаа хөдөлгөөн"-ийг өрнүүлж эхэлжээ. Учир нь эрх баригчид өндөржүүлсэн бэлэн байдлын үед шагнал урамшуулал, сонгуулийг зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөлгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ нь халдварт өвчин улсын хэмжээнд нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж буй. Гэтэл халдварт өвчин ингэж өргөн тархаж буйд гол нөлөө үзүүлсэн эрх баригчид үүрэг хариуцлага хүлээдэггүй хэрнээ ААН-үүднийхээ үүд хаалгыг дахин хааж байна. Иймд УОК-ын гаргасан шийдвэрийг ийнхүү эсэргүүцэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдгээ илэрхийллээ.
Аж ахуйн нэгжүүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөн гэж үзэж байгаа юм. Тэд нийгмийн сүлжээнд #Бид ч бас нэгдэж байна! чэлленж эхлүүлээд байна. Чэлленжид нэгдэх аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр байна.
Мэдэгдэлд:
"Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нэлээд олон сар ажилласангүй. Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй Монгол Улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна. Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү? Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.