Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр дархлаажуулалт болон өрхийн эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өрхийн эмнэлгүүдэд өгч буй тусламжийн 70 мянган төгрөг нь иргэдэд тусламжийн багц болж очно гэдэг бол ташаа мэдээлэл. Гэрээр тусгаарлагдаж байгаа 20 мянган халдвартай иргэдэд эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээс тараана гэж иргэд ойлгож байна. Тодорхой хэмжээний дархлаа дэмжих багц иргэдэд өгөх хэдий ч бүх хүнд витамин тараана гэж ойлгож болохгүй. Тиймээс иргэд та бүхэн биеийн байдлаа тогтмол хянаж, өрхийн эмнэлэгтэйгээ холбоотой байхыг сануулж байна. Спутник V вакцины хоёрдугаар тун хэзээ ирэх талаар тодорхой хариу ирээгүй байна" гэв.
Мөн сүүлийн 24 цагт 10,427 хүн коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 1.9 сая, хоёр тунд 1.7 сая хүн хамрагдаад байгаа юм. Бүрэн тунд хамрагдсан хүний тоо нийт хүн амын 52 хувийг эзэлж байна.
Манай улс анх 18-аас дээш насны иргэд буюу 2,060,000 хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байсан бол 16, 17 настай хүүхдүүдийг үүн дээрээ нэмж 2,151,000 иргэнийй дархлаажуулахаар ажиллаж байна. Зорилтот бүлгийн хэмжээнд вакцины хамрагдалт өндөр хувьтай байгаа ч нийт хүн амын дөнгөж 52 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байгааг тэрээр онцлон хэллээ.