Коронавирусийн нөхцөл байдлаас үүдэн манай улсын боловсролын салбар 1.5 жилийн хоцрогдолтой байгаа талаар салбарын сайд нь мэдээлэв. Тодруулбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2021-2022 оны хичээлийн шинэ жил болон энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ оны ЭЕШ-ыг ирэх сарын 1-4-нд зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлаа хангаж байсан. Харамсалтай нь, тус шалгалтад бүртгүүлсэн 40 420 хүүхдийн 1500 орчим нь халдвар авсан, эсхүл ойрын хавьтал болсон байна. Мөн шалгалтыг зохион байгуулахад оролцох 9.620 багшийн тодорхой хувь дээрхийн ижил шалтгаанаар ажлаа гүйцэтгэх боломжгүй байдалд хүрлээ. Орон нутагт авах шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийг ахлах 66 багшийн 10 нь халдвар авсан нь тогтоогдсон. Нийт шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдийн 7600 орчим нь аймгийн төвд сорилго өгнө. Гэвч коронавирусийн халдварын улмаас есөн аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Иймээс ЭЕШ-ыг ирэх наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл сунгах шийдвэрийг БШУЯ-наас гаргалаа. Наймдугаар сарын хэдний өдөр шалгалт авахыг ирэх долдугаар сарын 10-нд албан ёсоор зарлана. Өдгөө шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдийн 30 982 буюу 76 хувь нь дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдсан байна. Харин ирэх наймдугаар сар гэхэд эл үзүүлэлт 100 хувьд хүрэх юм" гэв.