Манай улсад сүргийн дархлаа хэзээ тогтох боломжтой, эсэх талаар УОК-ийн эрдэмтдийн зөвлөлийг гишүүн, МУИС-ын судлаач, доктор Т.Бэгзсүрэн дараах мэдээллийг өглөө.
-Сүргийн дархлаа хэрхэн тогтдог талаар эхлээд мэдээлэл өгнө үү ?
-Дархлаатай хүмүүс гэдэг нь халдварын эсрэг вакцин хийлгэсэн болон тухайн иргэн өөрөө байгалийн дархлаатай болсныг хэлнэ. Нийгэмд халдварын эсрэг дархлаа тогтсон хүмүүс олон болох тусам сүргийн дархлаа бий болно гэсэн үг. Хамгийн энгийнээр хэлбэл, сүргийн дархлаа тогтсоноор дархлаа сул хүмүүсийг халдварт өвчнөөс хамгаалж, халдварын тоо буурах бүрэн боломжтой.
-Тэгвэл манай улсад хэзээ сүргийн дархлаа тогтох вэ?
-Хүн амынхаа 70 хувийг дархлаажуулалтад хамруулсан тохиолдолд манай улсад сүргийн дархлаа тогтох бүрэн боломжтой. Манай улсын засгийн газар долоон сарын 1-ны дотор зорилтод бүлгийн хүмүүсээ вакцинжуулалтад бүрэн хамруулах төлөвлөгөөг гаргасан. Зорилтод бүлгийн 1,9 сая иргэнд коронавирус халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунг хийжээ. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, вакцин хийлгэсэн хүн болгонд дархлаа тогтоно гэж ойлгож болохгүй.
Сүүлд хийсэн судалгаагаар вакцин хийлгэсэн дөрвөн хүн тутмын гуравт дархлаа тогтож, нэгд нь дархлаа тогтохгүй байна гэсэн судалгааг хийсэн. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдах боломжтой хоёр сая иргэн байлаа гэж бодоход 1,5 саяд нь дархлаа тогтоно гэсэн үг.
Манай улс 3,2 хүн амтай. Эдгээр хүмүүсийн 70 хувь буюу хоёр сая иргэнийг вакцинжуулалтад хамруулснаар сүргийн дархлаа тогтоно. Өнөөдрийн байдлаар 96 мянган иргэн халдвар авсан нь бүртгэгдсэн. Үүнээс гадна халдвар авснаа мэдэхгүй, халдвартай нь бүртгэгдээгүй, халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон хэдий ч өвдөхгүйгээр байгалийн дархлаа үүсэж, шинж тэмдэггүй өвдсөн хүмүүст халдварын эсрэг дархлаа бий болсон байж болно.
Гадаадын эрдэмтэд халдварт өртсөн бүх хүмүүсээ судалж, халдварын тоонд оруулах хэрэгтэй гэдгийг бидэнд зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, халдварт өртсөн хүмүүсийн 1,3-1,4 хувь нь халдвартай нь батлагдаж бүртгэгддэг. Одоогийн байдлаар 96 мянган иргэн халдвар авсан нь бүртгэгдсэн боловч үүний цаана халдвар аваад эдгэрээд, байгалийн дархлаа нь тогтсон 270-360 мянган иргэн байх өндөр магадлалтай. Эдгээр тооцооллоос үзэхэд, одоо дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсээс гадна, ойролцоогоор 500 мянган иргэн халдварын эсрэг дархлаатай болсноор сүргийн дархлаа бий болох бүрэн боломжтой гэдэг судалгааг бид хийсэн. Гэвч манай улсын хүн амын ихэнх хувийг залуучууд болон бага насны хүүхдүүд ихэнх хувийг эзэлдэг. 0-12 насны хүүхдүүдэд хийх вакцин хараагүй гараагүй, судлагдаж байна. Харин 12-17 насны хүүхдүүдэд дэлхийн олон оронд “файзер” вакциныг хийж буй.
Манай улсад сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй байна. Дээр хэлсэнчлэн манай улсын 2,2 сая иргэн халдварын эсрэг дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтоно. Ингэхийн тулд, 500 иргэнийг вакцинжуулалтад хамруулах, эсвэл 145 мянган хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтоно.
Мутацилагдсан вирус орж ирэхгүй тохиолдолд, хүн амын дундах халдвар 100 мянгад дөхсөн энэ үед өвчлөл 20-30 мянгаар нэмэгдэж, аравдугаар сарын 1 гэхэд хамгийн багадаа 130 мянган, ихдээ 250 мянган иргэн халдвар авах эрсдэлтэй гэсэн судалгаа гаргасан. Иймд Монгол улсад мутацилагдсан хувилбар оруулахгүй байх нь хамгийн чухал.