УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаанаар Нийтийн мэдээллийн, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэхээр товложээ. Төрийн үйл ажиллагааг цахимжуулах ажлын хүрээнд эдгээр хуулийн төслийг боловсруулсан юм. Нийтийн мэдээллийн тухай хуулийн зорилго нь иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийг бий болгох замаар төрийн үйл ажиллагааг цахимаар явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой аж. Найман бүлэг, 39 зүйлтэй уг төслийн эхний бүлэгт нэр томьёонуудыг тодорхойлсон байна. Тухайлбал, цахим баримт бичиг, нийтийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, дамжуулах, ашиглах болон аюулгүй байдлыг нь хангах зорилго бүхий программ, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг мэдээллийн систем гэж тодорхойлжээ. Харин хоёр, түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл илгээх, дамжуулах, хүлээн авах суваг, техник хэрэгсэл болон программ хангамжийн иж бүрдлийг мэдээллийн сүлжээ гэж үзэх нь. Түүнчлэн “Нийтийн мэдээллийн дэд бүтэц гэж мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, аюулгүй байдлыг хангахдаа ашиглаж байгаа мэдээллийн систем, сүлжээг хэлнэ” гэж заажээ. Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, эсвэл өмчийн оролцоотой хуулийн, төрийн тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн нам байхаар тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллага нь мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, удирдан, зохион байгуулах, аюулгүй байдлыг нь хангах үүрэг хүлээх аж.
Мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж гурав ангилжээ. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг далимдуулан төрийн зарим байгууллага мэдээллээ нууц хэмээн халхалдаг. Тэгвэл ил тод, нээлттэй байхаар заасан, төрийн нууцад үл хамаарах мэдээллийг албаны нууц гэж үзэхийг дээрх хуулиар хориглох юм байна. Тодруулбал, төрийн байгууллагуудын зорилго, стратегийн зорилт, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, хаяг, байршил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, үйл ажиллагааны болон санхүүгийн хяналт шалгалтын тайлан, акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн мэдээ, албан тушаалтны овог, нэр, албаны утасны дугаар, хаяг, өргөдөл, гомдлын шийдвэрлэх байдал зэргийг нээлттэй байршуулна. Мөн ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл, албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах, хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянах болон ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам зэргээ мэдээлэх үүрэг хүлээх юм. Үүнээс гадна улс төрийн намууд үндсэн дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, өгсөн хандивын мэдээллээ ил болгох нь. Тухайн байгууллагын зардлаар суралцагчийн овог, нэр, суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, санхүүжүүлсэн сургалтын төлбөрийн дүн зэргийг ч нээлттэй байлгах зохицуулалтыг тусгажээ.
Хязгаарлалттай мэдээллийг холбогдох зөвшөөрлийн дагуу ашиглуулж болох аж. Тухайлбал, гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны, төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан, нээлттэй байлгах нь соёлын хосгүй өвд аюул учруулж болзошгүй, задруулбал бизнесийн нууцыг зөрчих, хүн, хуулийн этгээдийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхээр баталгаажсан мэдээллийг үүнд багтаажээ. Харин төрийн нууцад хамаарахыг нь хаалттай мэдээлэл гэж үзэх юм байна. Хэрэв хувь хүнд хамаарах хаалттай мэдээллийг эзэн нь зөвшөөрвөл хуульд заасан зорилго, нөхцөл, журмын дагуу ашиглаж болох гэнэ.
Манай зарим байгууллага, тэр дундаа Статистикийн үндэсний хороо холбогдох мэдээллийг ашиглан, нээлттэй өгөгдлийг бий болгодог бөгөөд үүнд анализ хийх боломжтой. Тэгвэл хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдний эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийг ашиглан өгөгдлийн сан бий болгох боломж бүрдэх нь. Ингэхдээ хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг нарийвчлан тодорхойлох боломжгүй байхаар боловсруулж, өгөгдөл бий болгох ёстой аж. Мөн нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх, ашиглах нөхцөл, журам, түүнд тавигдах шаардлага болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журмыг харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан Засгийн газар батлахаар зохицуулжээ.
Төслийн дөрөвдүгээр бүлэгт цахимаар үйл ажиллагаа явуулах үндсэн систем болон аюулгүй байдлыг хангах чиглэлийн заалтуудыг тусгасан байна. Тодруулбал, нийтийн мэдээллийн дэд бүтэц нь үндсэн, дэмжих, мэдээлэл хариуцагчийн систем болон мэдээллийн сүлжээ, нийтийн мэдээллийн сангаас бүрдэх аж. Төрийн мэдээлэл солилцооны систем нь эдгээрийн үндэс нь бөгөөд төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд ашиглах, мэдээлэл солилцох боломжийг үүгээр бүрдүүлэх нь. Харин танилт, нэвтрэлтийн, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, албан бичиг солилцооны дундын, мэдээлэл солилцооны бүртгэлийн, мэдэгдэл хүргэх, төрийн үйлчилгээний, төлбөр тооцооны системийг дэмжих үүрэгтэйгээр ажиллуулах юм байна.
Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс “нэхэж”, олон баримт бичиг бүрдүүлэхийг шаарддаг. Тэгвэл уг төсөлд тусгаснаар үндсэн систем дэх мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй аж. Мөн холбогдох яамтай гэрээ байгуулснаар уг системийг хуулийн этгээдүүд ашиглан, үйлчилгээ үзүүлж болох нь. Цахим баримт бичиг нь цаасан дээрхтэй адил хүчинтэй байх бөгөөд үүнийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу хөтлөх юм байна.
Ерөнхий сайдын дэргэдэх Цахим хөгжлийн үндэсний хороо нь нийтийн мэдээллийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөр, төрийн цахим үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах чиг үүрэгтэй ажиллах гэнэ.
Нийтийн мэдээллийн дэд бүтцэд ашигладаг нэвтрэх нэр, нууц үг, бусад хамгаалалтын хэрэгслийн нууцлал зэргээ иргэн алдсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, зөвшөөрөлгүй этгээд ашигласан, өөр хүн мэдсэн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд систем хариуцагчид нь даруй мэдэгдэх ёстой аж.