Эмнэлгүүд харьцангуй сэлүүхэн байна. Одоо л нарийн мэргэжлийн эмч нарт тухтай үзүүлэх үе гэхээр. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт л гэхэд ямар ч эмчид хандах байсан 13-ын А маягттай л бол заавал биеэр очих шаардлагагүй, эрүүл мэндийн салбарын нэгдсэн цаг авах 1800-0119 дугаарын утсанд өнөөдөр бүртгүүллээ гэхэд маргааш нь үзүүлэх цаг өгнө. Иргэд эмнэлгийг олноор зорихгүй байгаа нь зуны дэлгэр цагт нийслэлийнхэн хүүхэд багачуудаа дагуулаад орон нутгийг зорьсонтой холбоотой байж болох юм. Мөн “Ковид-19”-ийн тархалт хурдацтай байгаа тул хүмүүс олон хүнтэй газарт очихоос цэрвэж буйгаас шалтгаалж байж ч болох. Гэхдээ эмнэлэг бүрт ийм биш.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн эмчид үзүүлэх дараалал урьдын адил их аж. Тархины үйл ажиллагааны, олны хэлдгээр компьютерт томографт харуулах хэмээх шинжилгээ хийлгэе гэвэл энэ сарын 30 хүртэл хүлээхээр байна. “Сайд нарын” гэдэг тодотголоор нь олон нийт илүүтэй мэддэг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ачаалал өмнөхөөс ихсээ ч үгүй, багасаа ч үгүй, хэвийн байна. Эднийд өдөрт 500-600 хүн үйлчлүүлдэг байсан бол өдгөө дунджаар 500 гаруйтай хэвээр гэнэ. MRI хийлгэх бол долдугаар сарын 6, 7 хүртэл хүлээх шаардлагатай.
Харин амаржих газрууд ачаалалтай байгаа юм билээ. “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” гээд бүгд л сул ортой хонохоо байжээ. “Ковид-19” оноштой эхчүүдийг тусгай өрөөнд хүлээн авч амаржуулдаг. Сайдын тушаалаар амаржих газар бүр хүчин чадалтайгаа уялдуулж тусгаарлах өрөө болон коронавирусийн халдвар авсан нь батлагдсан эхчүүдийг төрүүлэх ор, өрөө бэлтгэсэн. Гэтэл өдгөө бүгд хүчин чадлаас давсан үйлчилгээ үзүүлж буй юм байна. Яармагт “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”-ыг ашиглалтад хүлээж авсан ч зориулалтын дагуу бус, тэр чигт нь түр хугацаанд “Ковид 19”-ийн эмнэлэг болгочихсон болохоор амаржих газрын, орны хүрэлцээ туйлын тааруу байна.
Түргэн тусламжийн үйлчилгээнийхэн ачаалалтай байна. Байдал бодитоор ямар байгааг мэдэх үүднээс 103 дугаарын утсанд залгаж, ачаалал хэр ихсэж байгааг асуухад оператор эмч “Яаралтай дуудлагад хариу өгөөд завгүй байхад яагаад дундуур орж ирээд байгаа юм бэ” хэмээн ундууцаад утсаа тасалсан юм. Ойлгож байна. Нус гоожсон, ханиасан, жихүүцсэн, толгой өвдсөн, халуурсан, бүр огиулж бөөлжүүлсэн олон хүн залгаж байгаа байх. Дуудлага өгсөн хүмүүсийн яриаг оператор эмч сайтар сонсож байгаад эмч явуулах, эс бөгөөс ХӨСҮТ-ийн яаралтай дуудлагын 119 дугаар луу залгаж тусламж авахыг санал болгодог. “Түргэн тусламжийн төвд байдал иймэрхүү байна даа” хэмээн бодож суутал 103-аас буцааж залгаад “Та ийм асуудлаар хариу өгөх хүмүүстэй нь өөр шугамаар холбогдоорой” гэв. Тус төвд нөхцөл байдал ийм байгаа юм чинь ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн төв рүү бүр ярилтгүй.
Хэдхэн хоногийн өмнө нийгмийн сүлжээнд нэгэн залуу бүсгүй уйлан хайлан 103-ын эмчид гомдоллож байна. Аавыг минь дуудлагаар ирж үзсэн хэрнээ авч яваад эмнэлэгт хэвтүүлэхгүй яав даа. Аав минь бурхан болчихлоо шүү дээ” гэж бичсэн байсан юм. Эмнэлгүүдэд орны хүрэлцээ муу байгаа болохоор эмч авч яваад нэмэргүй гэж бодсон юм болов уу, эсвэл үзлэг хийх үед биеийн байдал нь гайгүй байсан юм болов уу, юутай ч ийм явдал болсон байлаа. Үүнийг бичсэн нь түргэн тусламжийн эмчийг буруутгах гэсэнгүй. “Ковид-19”-ийн халдвар хавтгайрсан энэ цаг үед эмнэлгүүдэд тасаг, ор хүрэлцэхгүй тун чиг цөвүүн байна даа гэх гэснийх. Улсын хэмжээний бүхий л томоохон эмнэлэг одоогоор бүгд “Ковид-19”-ийн эмнэлэг гэсэн давхар тодотголтой болоод буй билээ.
“Эмнэлгүүд харьцангуй сэлүүхэн байна. Одоо л нарийн мэргэжлийн эмч нарт тухтай үзүүлэх үе гэхээр” хэмээн өмнө дурдсан. Эмчид үзүүлэх цаг байх, өрөөнд эмч хүлээж байх нэг хэрэг. Гэтэл харахад тэр бүр мэдэгдэхгүй асуудал байна. Эмч, сувилагч нар ядарчээ.
…иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө амь, бие хайрлахгүй ажиллана гэж тангараг өргөсөн “тусгай” хүмүүс болохоор “Ядарлаа” гэж ганц үг ганхийлгүй ажиллаж байх шиг байна. Сэтгэлийн ийм их тэнхээтэй, нэг ч гэсэн хүнийг алдчихгүйн төлөө нойр хугаслан ажиллаж буй тэдэнд ажиллах урам, эрч хүч өгөөч…
Яваад ороход “Танд ямар зовуурь байна” хэмээн цоглог хүлээж авах эмч бие, сэтгэлээр ихэд ядарсан байх магадлалтай. Яагаад гэхээр аль ч эмнэлгийн эмч, сувилагч нар амбулаторид ч үзэж, “Ковид-19”-ийн эмчилгээний улаан бүсэд ч ажиллаж байгаа юм. Амбулаторид 14 хоног ажилласан эмч дараагийн 14 хоногийг улаан бүсэд өнгөрөөнө. Тэнд хүнд өвчтөнүүдийг эмчилж хоёр долоо хоносон эмч, сувилагчдыг эхэн үед тусгаарлах байранд дор хаяж долоо хоног байлгадаг байсан бол өдгөө шууд ажилд нь оруулж буй аж. Тэд ядарч, сульдсан ч эмч, сувилагч, үйлчлэгч учраас хэд хоног амсхийлгүй ажлаа үргэлжлүүлэн хийх нь шударга бус, хүмүүнлэг, хүнлэг ч бус. Гэтэл тэд биш бол энэ ажлыг хийх өөр хүн, нөөц аль ч эмнэлэгт байхгүй. Яаж ч болохгүй гэхээр ийм нэг асуудал бодитоор нүүрлэжээ. Энд дүрслэхийг оролдсон нөхцөл байдал тухайлбал, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ямаршуу байгааг тус эмнэлгийн Амбулаторийн болон “Ковид-19”-ийн эмнэлгийн эрхлэгч Б.Гантулгаас тодруулсан юм.
-Танайх аль тасгаа “Ковид-19”-ийн эмнэлэг болгосон бэ?
-Манай эмнэлгийн В корпус хоёроос тавдугаар давхар нь буюу тэр чигтээ “Ковид-19”-ийн эмнэлэг болсон. Дөрвөн тасаг ажиллаж байна гэсэн үг. Нэг нь эрчимт эмчилгээний, хоёр нь энгийн, нөгөөх нь “Ковид-19” оноштой хүн мэс заслын тусламж, үйлчилгээ авахаар бол эмчлэх тасаг юм. Манайх Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Баганхангай, Налайх, Багануур дүүргийн “Ковид-19” оноштой, мэс засал хийлгэх шаардлагатай, мөн Чингэлтэй дүүргийн нэн хүнд хүмүүсийг хүлээж авах хуваарьтай. Өнөөдөр хэвтэн эмчлүүлж буй 62 хүн байна. Уг нь 40 орны төлөвлөгөөтэй ч илүү авахаас өөр аргагүй байдал үүссэн. Халдварын тархалт намжих, өөрөөр хэлбэл, сайдын тушаал цуцлагдах хүртэл энэ янзаараа ажиллана.
-Эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ хэр байна?
-Хүрэлцээ муу. Эмч, ажилтнуудаа “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүсийг эмчилж буй улаан бүс рүү оруулж ажиллуулаад, гарч ирэхээр нь нэг өдөр амраавал их юм, шууд ажилд нь оруулж байна. Тавдугаар сарын 1-нээс хойш манай 80 гаруй ажилтан халдвар авч, өвдсөн. Эмнэлгээс гарсны дараа 7-14 хоногт гэрийн тусгаарлалтад байх ёстой тул энэ хооронд хүний нөөцийн хомсдол үүссээр ирсэн. Эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээгээ зогсоохгүй, давхар явуулж байгаа болохоор тэр. Зарим тасаг ганцхан эмчтэй ажиллаж байна. Бөөр, дотоод шүүрлийн булчирхайн 15 ортой тасгийн нэг эмч өвчтнүүдээ ч эмчилж байна, амбулаторид ч үзлэг хийж байна. Гемодиализийн эмчилгээ ч хийдэг. Энэ мэтийн хүндрэл аль хэдийн эхэлсэн. Эмч, эмнэлгийн ажилтнууд ингэж ажиллаж байхад илүү цагийн хөлсийг хангалттай өгч чадахгүй байгаадаа зовдог. Одоохондоо эмнэлэг өөрийн боломжийн хүрээнд шийдэж байгаа. Өгөх ёстой мөнгийг дараагийн сар луу шилжүүлэх, хоцроох нь ердийн зүйл боллоо. Ингээд байхаар ажилтнууд халшрах болсон.
-Ажиллах эрч хүч нь багасаад ирэхээр “Ингэж ажиллах хэрэг байна уу” гэж бодоход хүрч байгаа болов уу.
-Тийм бодолтой болсон нь олон байх. Улаан бүс рүү орж ажиллах гэж байгаа эмч, ажилтнуудад сэтгэл зүйн хөшүүрэг зайлшгүй хэрэг болох юм. “За яах вэ, гарч ирээд жирийн үед ажилладгаас харьцангуй сайн цалин авах юм чинь” гэж бодон, улаан бүс рүү урамтай орвол өөр.
-Илүү цагийн мөнгийг хангалттай өгөх, эсэхийг ЭМЯ-аар дамжуулж, Засгийн газар шийдэх ёстой юу?
-Тэгэлгүй яах вэ. Уг нь ЭМЯ-наас улаан бүсэд ажилладаг эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, хөлсийг гурав дахин нэмэгдүүлнэ гэж хэлсэн. Гэтэл хөрөнгө, санхүү нь шийдэгдэхгүй байх шиг. Одоохондоо эмнэлгүүд түрүүнд хэлсэнчлэн илүү цагийн мөнгийг өөр, өөрийн цалингийн фондоос чадан, ядан өгч байна. Засгийн газар хөрөнгийг шийдчих юм бол өгөх байх л даа гэж хэн, хүнгүй хүлээж сууна.
Эмнэлгүүдэд, өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарт ийм нөхцөл байдал үүсээд удаж байна. Аргагүй л иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө амь, бие хайрлахгүй ажиллана гэж тангараг өргөсөн “тусгай” хүмүүс болохоор “Ядарлаа” гэж ганц үг ганхийлгүй ажиллаж байх шиг байна. Сэтгэлийн ийм их тэнхээтэй, нэг ч гэсэн хүнийг алдчихгүйн төлөө нойр хугаслан ажиллаж буй тэдэнд ажиллах урам, эрч хүч өгөөч.
Үүнийг бичигч бээр “Ковид-19”-өөр өвдөн, эмчлүүлж эдгэрсэн нэгэн. Эмнэлгээс гарахад эмчлэгч эмч минь лист өгсөн юм л даа. Гэтэл энэ хуудсанд ерөнхий эмчийн болон нэрийг минь буруу биччихсэнийг гэртээ ирсэн хойноо анзаарав. Эмч рүүгээ ярьж энэ тухай хэлтэл “Би таныхыг, бас ерөнхий эмчийнхээ нэрийг ч гэсэн буруу биччихсэн байна уу. Яадаг билээ. Эмнэлгийн хуудас дахин бичих боломжгүй. Засвар хийгээд тамга дарж болох байх. Гэхдээ би ерөнхий эмчдээ юу гэж хэлнэ ээ” гэж хэлэх үед нь түүний ярианы өнгөнөөс стресс, ядаргаа мэдрэх шиг болсон тул “За, яах вэ, эмч ээ, дахин ажил болгох нь төвөг” гээд орхисон. Хөнөөлт өвчнөөс ангижруулсан эмч тандаа баярласан билээ.