-Цахим парламент биш, нууц парламент болжээ-
Хүүхэд нь мэндэлсний дараахан төрсний гэрчилгээг хэрхэн захиалах талаарх заавар, зөвлөмжийг эцэг, эхэд нь цахимаар, автоматаар илгээчихдэг бол ямар вэ. Өдөр өнжүүлэх төв, цэцэрлэгүүдийн талаарх мэдээллийг нэг дороос үзэж, хүүхдээ алинд нь хамруулахаа хэдхэн товчлуур дараад л шийдчихдэг бол бүр сайхан аа. Хаана ч, хэзээ ч, аль ч эмнэлгээр үйлчлүүлсэн танаас ямар нэг бичиг баримт шаардахгүйгээр өвчний түүхийг нь нэгдсэн сангаас харчихдаг, хоёрхон минут зарцуулан сонгуулиа цахимаар өгчихдөг нийгэмд амьдарвал хэчнээн гоё вэ. Энэ бол цахимжсан Эстони Улсын өдөр тутмын л дүр төрх. Монгол Улсыг ийм болгох зорилтыг аль 2005 онд дэвшүүлж, “Цахим Монгол” хөтөлбөр эхлүүлснээс хойш хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн ч өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг бид мэднэ. Одоогийн эрх баригчид ч улсаа цахимжуулна гэж цөөнгүй ярьж, бас зарим ажлыг нь эхлүүлээд буй. Үүний тод жишээ бол төрийн зарим үйлчилгээг нэг цонхноос үзүүлдэг “E-Mongolia” систем.
Манайх шиг өргөн уудам нутагтай буюу төрийн үйлчилгээг хэдэн км-ийн цаанаас ирж, авдаг, авлигын индексээр хойгуур жагсдаг, нийслэлийн иргэд нь замд түгжирсээр хамаг цагаа өнгөрөөдөг, “данхар” төрийн албатай, албан хаагчид нь хүнд сурталтай улсын хувьд цахимд шилжих нь нэн тэргүүний зорилт мөнөөс мөн. Харамсалтай нь, цахим шилжилтийг элдэв хурал, цуглаан, хэвлэлийн бага хурал хийх шалтаг, улстөржүүлэх сэдэв, иргэдээс “оноо авах” хэрэгсэл болгосоор байна. Үнэндээ төрийн үйлчилгээний нэгдсэн цонх “Е-Mongolia”-г өнгөрсөн оны аравдугаар сард нээснээс хойш хэд хэдэн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулахад улстөрчид очиж, сайхан үгс хайр найргүй урсгасан. Дараа нь татварын, улсын бүртгэлийн, авто замын гэх мэтчилэн бараг салбар бүрийн төлөөллөөс “Тийм ч үйлчилгээг цахимаар үзүүлдэг боллоо” гээд л Төрийн ордонд ээлж дараалан мэдээлэл хийсэн удаатай. Тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)-аас ч тэр “E-Mongolia”-гийн талаар хэд хэдэн удаа мэдээлэл хийсэн нь уг ажлыг чухам хэн нь хариуцаж, гардан хийж байгаа, эсэхийг ч мэдэхээ болиход хүргэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр ч эрх баригчид “цахим улс болно” гээд л сүртэй мэдэгдсэн билээ.
ЦАХИМ БИШ, ТАНХИМЫГ ИЛҮҮД ҮЗСЭН НЬ
Цахимд шилжихэд төр, засгийн удирдлага, байгууллагуудын үлгэр дуурайл, манлайлал хамгийн чухал гэдгийг Эстонийн шинжээчид хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, дээрээс буюу УИХ, Засгийн газар, яам, агентлагууд, төрийн шийдвэр гаргах түвшний үйл ажиллагааг цахимжуулснаар шат шатандаа үүнээс үлгэр авч, хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал үүний эсрэг шахам байна. Тухайлбал, Засгийн газар цахимаар нэг ч хуралдаагүй. Хэзээ хуралдаж, юу хэлэлцэх, эсэхээ ч цахим хуудсандаа мэдээлэхээ больжээ. УИХ цахим парламент боллоо гэсэн ч чуулганы хуралдаанаа шууд дамжуулахгүй, хэвлэлийнхнийг Төрийн ордонд нэвтрүүлэх нь ховор болж, зарим тохиолдолд юу хэлэлцэж буй нь ч нууц үлдэж байна. Коронавирусийн халдварыг дотооддоо алдсаны дараахан шинжилгээний хариуг байршуулдаг платформ бий болгосон ч тэр нь гацаж, иргэдэд чирэгдэл учруулсныг бид мартаагүй. Тухайн үед халдвартай хүнтэй хавьтал болсон, эсэхийг тогтоох зорилгоор аж ахуйн нэгж, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлсэн иргэдийн хувийн (нэр, утасны болон регистрийн дугаар, гэрийн хаяг) мэдээллийг нь бичүүлж авч байв. УОК ч тэр өргөдөл, гомдлыг цахимаар хүлээн авахдаа хүндрэл учруулах, хувийн мэдээллийг нь алдах нөхцөл бүрдүүлснийг “Цар тахлын үед хүний хувийн мэдээллийг хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хуульч Л.Галбаатар хөндсөн. Тодруулбал, УОК-ын Шуурхай штабын ашиглаж буй и-мэйл хаяг, нууц үгийг нь бичсэн самбарын зургийг ЭМЯ-ны фэйсбүүк хуудсанд байршуулжээ. Хэрэв хэн нэгэн тус хаягаар нэвтэрсэн бол олон мянган иргэний, мөн төрийн байгууллагын мэдээлэл алдагдах эрсдэл байгааг тэрбээр анхааруулсан юм. Түүнчлэн нийслэлийн Онцгой комиссын, 2021 оны хоёрдугаар сарын 5-ны албан бичгийн дагуу шинжилгээ өгсөн иргэдийн мэдээллийг байгууллагын биш, хувь хүний хаягаар хүлээн авахаар шийдвэрлэсэн зэрэг ноцтой алдаа ч гарсан.
Цахим шилжилтийг үлгэрлэж чадахгүй байгаа хамгийн ойрын, энгийн жишээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илүү тод харагдсан билээ. Намууд, нэр дэвшигчид сурталчилгаагаа цахимаар бус, улс даяар биечлэн явж, уулзалт, цуглаан зохион байгуулсан нь цар тахлын халдварыг улам нэмэгдүүлсэн. Мөн нэр дэвшигчдийн дунд улс төрийн соёлын тогтсон хэлбэр болох мэтгэлцээнийг цахимаар зохион байгуулж чадаагүй. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд мэтгэлцээнгүй өрнөсөн ганц сонгууль гэдгээрээ тодорхойлогдон үлдэв. Сонгуулийн ирц ч түүхэнд байгаагүй доод хэмжээнд буюу 60 хувьд ч хүрээгүй. Тусгаарлагдсан, халдвараар өвчилсөн, эрүүл мэндийн шалтгаантай, гадаадад байгаа иргэдийн олонх нь сонгуульд саналаа өгч чадаагүй. Жишээ нь, манай улсын 200 мянган иргэн гадаадад байгаагаас 5618 нь л саналаа өгсөн билээ. Уг нь гадаадад байгаа, эмнэлэгт эмчлүүлж буй иргэдээс саналыг нь цахимаар авсан бол дээрх ирц нэмэгдэх нь мэдээж хэрэг.
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтыг ч цахимаар зохион байгуулах боломжгүй гэнэ. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг мөн цөөнгүй хүнийг оролцуулан зохион байгуулахаар холбогдох журмыг нь баталлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн хэдэн өдөр дараалан одон, медаль гардуулж буйтай холбогдуулан Сүхбаатарын талбайд иргэд олноороо цугларч байна. УИХ-ын гишүүд, сайд нар ч орон нутагт томилолтоор ажиллаж, заавал өөрийн биеэр очиж байж асуудлыг нь шийдвэрлэх боломжтой мэт авирлах. Цахим хэрэглээг жинхэнэ утгаар нь хэвшүүлэх боломжтой цар тахлын үед ч төр, засгийнхан ингэж ажиллаж байгааг харахад цахимжуулна гэсэн энэ удаагийн зорилтоо биелүүлнэ гэдэгт найдах хэрэггүй болов уу.
ХЭДЭН ЖИЛ САЖЛАХ ВЭ
Үе үеийн Засгийн газар цахим шилжилт хийх чиглэлээр тодорхой ажлууд санаачилсан байдгаас зарим нь талаар болсон ч дорвитой ахиц авчирсан, нүдэнд тодоор харагдаж үлдсэн нь ч цөөнгүй. Тухайлбал, аймаг, сумуудыг шилэн кабелиар холбосон, бүх иргэндээ цахим иргэний үнэмлэх олгосон, тоон гарын үсгийг хэрэглэж эхлүүлсэн, төрийн үйлчилгээний ТҮЦ машин бий болгосон, мэдээлэл, солилцооны ХУР, танилт, нэвтрэлтийн ДАН болон цахим татварын систем нэвтрүүлсэн нь том дэвшил байв. Тиймээс манай улс цахимд шилжихэд бэлэн, эсэхийг 2019 онд судалсан юм. Үүгээр цахим бэлэн байдлын түвшнийг харьцангуй сайн гэж үнэлээд, 7-8 жилийн хугацаанд Эстонийн хэмжээнд хүрэх боломжтой хэмээн тодорхойлсон байдаг. Дараахан нь ЗГХЭГ-ын дэргэд Цахим хөгжлийн үндэсний хороо байгуулж, “Е-Mongo¬lia” төслийг эхлүүлсэн. Төрийн 527 үйлчилгээг энэ системд нэвтрүүлсэн гэж саяхан мэдээлэв. Гэвч үнэндээ 434 үйлчилгээг л цахимаар үзүүлж байна. Тэглээ ч бүгдийг нь дээрх төслийн хүрээнд хийж, нэвтрүүлсэн үү гэвэл үгүй. Өмнө нь төрийн үйлчилгээний цахим машинаар 30 гаруй, Засгийн газрын mgov.mn хуудаснаас 34 байгууллагын 180 үйлчилгээг цахимаар үзүүлж байсан юм билээ. Гагцхүү нэг цонхонд нэгтгэх бус, байгууллагууд тус тусдаа үйлчилгээгээ цахимжуулж, үүнийг нь иргэд төдийлөн мэдэхгүй, хэрэглэж хэвшихгүй өдий хүрч. Харин “E-Mon¬golia”-д төрийн байгууллагуудын системийг холбосноор дээрх үйлчилгээг нэгдсэн цонхноос үзүүлдэг болж, мөн шинээр ч нэвтрүүлсээр байгаа. ЗГХЭГ-ын мэдээлснээр, төрийн 11 250 үйлчилгээ бий аж. Товчхон хэлбэл, өдгөө нэвтрүүлээд буй үйлчилгээний тоо үүний таван хувьд ч хүрэхгүй нь.
Цахим шилжилт хийхэд хууль, эрх зүйн орчин нэн тэргүүнд шаардлагатай. Мэдээллийн аюулгүй байдлын, Нийтийн мэдээллийн, Өгөгдөл хамгаалах, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна гэж яриад нэг жил өнгөрлөө. Одоо хүртэл УИХ-аар огт хэлэлцээгүй, эдгээр хуулийг баталбал цахим шилжилтийг урагшлуулах үндсэн суурь нь бүрдэнэ. Үүнийг дагалдуулан холбогдох журам, стандартыг ч батлах ёстой. Түүнчлэн Мэдээллийн аюулгүй байдлын хяналт, удирдлагын төв байгуулах, мэдээллийн технологийн аудит хийх нөхцөл бүрдүүлэх ёстой ч сураг алга. Манай Үндэсний дата төв, төрийн байгууллагуудын систем рүү халдлага хийсэн тухай мэдээлэл байсхийгээд л гадаадын хэвлэлээр цацагддаг. Үндэсний дата төв рүү гэхэд сүүлийн зургаан сард өдөрт дунджаар 66 сая орчим хандалт хийснээс 14.6 сая нь халдлагын шинжтэй гэж өнгөрсөн арванхоёрдугаар сард ХХМТГ-аас мэдээлсэн. Зарим орон цахим шилжилт хийх явцад бүх иргэн, төрийн байгууллагынх нь мэдээлэл бүхий нэгдсэн систем нь халдлагад өртөж, урагшлах бус, ухарсан түүх ч бий. Тиймээс хуулийг нь яаралтай баталж, иргэдийн болон төрийн мэдээлэл алдагдахаас сэргийлэх алхмуудаа хийх хэрэгтэй.
Төрийн үйлчилгээг нэгдсэн цонхноос цахимаар үзүүлдэг болсныг мэдэхгүй иргэн олон. “E-Mongolia”-г сурталчлах, зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг ХХМТГ-ынхан хийж буй. Гэвч фэйсбүүк дэх “E-Mongolia”-гийн зөвлөгөө, мэдээлэл бүлгэмд “Жолооны үнэмлэхээ яаж захиалах вэ, хэрхэн бүртгүүлэх вэ” гэх мэт асуултууд хөвөрсөөр, үүнд нь хариулах хүн ч алга. Иргэдийг цахим хэрэглээнд сургах нь зайлшгүй хийх, чухал ажлуудын нэг атал орон нутаг, сум, багт зөвлөгөө, мэдээлэл нь тэр бүр хүрэхгүй байна.
“Иргэн бүрт тоон гарын үсэг олгоно. Иргэний үнэмлэх шаардлагагүй, бүх хүн 12 оронтой нууц дугаартай болно” гэж одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа мэдэгдсэн. Гэтэл энэ нь өдий хүртэл таг чиг. Уг нь цар тахлын үед иргэдэд цахимаар үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ийм ажлуудаа яаравчлах нь зүйтэй баймаар. Үүнээс гадна ХХМТГ нь яам биш тул төрийн бусад байгууллагатай хамтран ажиллахад хүндрэлтэй байдаг. Тиймээс Цахим хөгжлийн яам байгуулна гэсэн ч УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар л энэ талаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Цахим шилжилтийн хүрээнд цаашдаа салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, төрийн албан хаагчдын технологийн мэдлэгийг дээшлүүлэх, аймгуудад өгөгдөл, мэдээллийн зангилаа төв байгуулах, алслагдсан сумыг шилэн кабелийн системд холбох, 5G технологи нэвтрүүлэх, төрийн албыг цомхон болгох зэрэг олон ажил бий. Мөн аялал жуулчлал, уул уурхай, банк санхүү, боловсрол, эрүүл мэнд, гадаад харилцаа гээд олон салбарыг цахимжуулахаар төлөвлөсөн. Гэвч цахим шилжилтийг сонгууль угтсан сэдэв болгож, бодитоор хийх биш, хэлбэр төдий ярьсаар ирсэн нь харамсалтай. Цахимжуулах ажлын 70-80 хувийг ирэх дөрвөн жилд амжуулна гэсэн. Энэ байдлаараа буюу яст мэлхийн хурдаар эхний хоёр жилээ өнгөрөөвөл бид хэзээ цахимжиж, Эстони шиг болох вэ.