ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2 400 хүнээс коронавирусийн халдвар илэрч, эерэг хариу гарсан гэв. Мөн хугацаанд 11 хүн нас баржээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 93 557 болж, Монгол Улс халдварын тохиолдлын батлагдсан тоогоор хөрш Хятад улсын өмнө эрэмбэлэгджээ. Бямба гарагт Хятад улсад халдварын 91 564 тохиолдол бүртгэсэн аж. Сүүлийн саруудад тус улсад өдөрт шинээр нэмэгдсэн халдварын тохиолдлын тоо хоёр оронтой тоонд эргэлдэж буй.
Улсын хэмжээнд өчигдөр 4 140 хүнийг вакцинд хамруулсан бөгөөд өссөн дүнгээр нэгдүгээр тунгийн хамралт 92 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 82 хувьд хүрсэнийг УОК мэдээлэв. Тийм хэдий ч сүүлийн өдрүүдэд коронавирусийн улмаас хоногтоо 10 гаруй хүн эндэж буй. Өнөөдөр ч эл тоо буурсангүй.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлэхдээ "Их Британи улс насанд хүрсэн хүн амынхаа 60 хувийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулсан ч тавдугаар сарын дундаас эхлэн халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөн байна. Үүнийг Энэтхэгээс гаралтай буюу делта вирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбон тайлбарласан. Мөн манай хөрш ОХУ-д делта вирусийн тархалт нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөн дүн мэдээтэй байна" гэв.