Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтыг ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн дөрөв хоногийн турш улс даяар зохион байгуулах юм. “Ковид-19” цар тахлын үед уг шалгалтыг яаж зохион байгуулах, бэлтгэж ажлыг хэрхэн хангаж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?
-Шалгалтын бэлтгэл ажил 50 гаруй хувьтай байна. Бэлтгэл ажил гэдэгт сэдэв, даалгавар боловсруулах, сургалт явуулах, хүний нөөц бэлдэх зэргийг хамруулдаг. Улсын хэмжээнд шалгалтын 48 байр байх юм. Боловсролын үнэлгээний төвийн ажилтнууд өдгөө тэдгээр байрыг хянаж шалгаж буй. Энэ жил нийт 40 420 шалгуулагч шалгалт өгнө. Шалгалт зохион байгуулахад 2077 багш, ажилтан оролцохоор бэлтгэл хангаж байгаа.
-Коронавирусийн цар тахлаас хамаарч багш, сурагчид халдвар хамгааллын дэглэм сайн баримтлах шаардлагатай. Дэглэмийг хэрхэн мөрдүүлэх вэ?
-Улсын онцгой комиссоос гарсан журмын дагуу шалгагч, шалгуулагч нарт халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар сургалт явуулж, зөвлөгөө өгөхөөр бэлтгэж байна. Сурагчдын шалгалтын материал, хичээлийн хэрэгслийг ариутгаж өгнө. Анги танхимыг халдваргүйжүүлж, гар ариутгагч байршуулна. Сурагчид шалгалт өгөхдөө амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий өмсөнө. Нэг танхимд хэмжээнээс нь хамааран 20-40 сурагч суулгахаар төлөвлөсөн.
-Энэ удаагийн шалгалтын даалгавар өмнөх жилүүдийнхээс хөнгөн, сурагчдын цахимаар үзсэн хичээлийн агуулгад тулгуурласан байна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн. Шалгалтын даалгавруудыг хэрхэн бэлтгэж байгаа вэ?
-Даалгавруудыг хэрхэн зохиох нь уг ажлыг гүйцэтгэж байгаа багш нарын эрх байдаг. Боловсролын үнэлгээний төвийнхний хувьд жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтын блюпринт буюу төлөвлөгөөг боловсруулдаг. Энэ жилийн тухайд блюпринтийг боловсруулахдаа илүү дэлгэрүүлж, агуулгуудыг нарийвчлан гаргасан. Жишээ нь, монгол хэлний хичээлийн шалгалтын даалгаврын хэдэн хувь нь зөв бичих дүрэмтэй холбоотой байх, хэд нь монгол бичиг байх зэргийг тодорхойлсон. Үүнийгээ дахин дэлгэрүүлж, зөв бичих дүрмийн даалгаварт гээгдэх, балархай эгшгийн дүрмийн талаарх дасгал оруулна гэх зэргээр нарийвчилсан. Уг блюпринтийг eec.mn цахим хуудсанд байршуулсан. Энэ нь багш, сурагчдын ажлыг ихэд хөнгөвчилнө.
-Шалгалтын материалыг газар дээр нь шалгаж, засах төхөөрөмж хүрэлцээтэй байна уу. Ялангуяа алслагдсан аймаг, сумуудад ийм төхөөрөмж бий юү?
-Уг төхөөрөмжийг шалгалтын байр бүрт байрлуулна. Улаанбаатар болон аймгуудад нийт 48 төхөөрөмж ажиллуулна гэсэн үг. Сурагчид шалгалтын материалаа уг төхөөрөмжид шууд уншуулж, хариугаа харах боломжтой.
-Шалгалтын байрнуудад хүн хоорондын зайг хэрхэн барих вэ?
-Шалгалтын байранд зохион байгуулагч найм, танхим тус бүрт хоёр багш ажиллаж, сурагчдад хяналт тавин, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлнэ.