Уламжлалт номын баярыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага хамтран энэ сарын 11-13-нд төв талбайд зохион байгууллаа. “Илүү уншъя” уриатай 29 дэх удаагийн уг арга хэмжээнд хэвлэн нийтлэгч 100 гаруй компани, номын худалдаа эрхлэгчид, 300-гаад зохиолч, орчуулагч, зураач оролцон ном, бүтээлээ дэлгэж, уншигч, сонирхогчдод толилуулав. Энэ он гарснаас хойш олныг хамарсан үйл ажиллагаа болоогүйгээс тэр байх, хүмүүс ихэд сонирхон очиж, өмнөхөөс олноор цуглан, 204 асрыг тойрон явж, ном болон бусад бүтээгдэхүүн худалдан авч байлаа.
Номын баярыг цар тахлын үед зохион байгуулж буйгаараа онцлог. Өглөө бүр асруудын доторхыг болон ойр орчмыг ариутгагч бодисоор шүршиж ажилд бэлтгэж байв. Цагдаагийн ерөнхий газар, хамгаалалтын “Аравт” албаныхан хамтарч иргэдийн тайван байдал, эд хөрөнгийн аюулгүй байдлыг ханган ажилласан. Арга хэмжээний түнш нь МОНЦАМЭ агентлаг, UBS телевиз, “Хатун” төв юм. Дэмжигч нь “Сүү” компани, үндэсний мэдлэгийн “Esan” сан, “Update” сургалтын төв, “Үзэмж” загварын салон, цахим худалдааны “Mplus”, уламжлалт борлуулалтын “Мажестик” дэлгүүр, “Монос” групп, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Төвшин сайхан” төв аж. Энэ удаа төв талбайг бүрнээр нь зохион байгуулагчдад “олгосон” тул асруудын эгнээ хоорондын зайг их байлгаж, хүмүүс хоорондоо хэт ойртохгүй байх нөхцөл бүрдүүлжээ. Гэхдээ нэг асрын өмнө олон хүн бөөгнөрөн зогссон нь цөөнгүй харагдсан.
Ном, бүтээлээ дэлгэсэн оролцогчдын заримтай уулзаж ярилцсан юм. Байгуулаад гурван жил болж буй номын худалдааны “Mplus” цахим дэлгүүрийн менежер Б.Цолмон “Энэ баярт гурав дахь удаагаа оролцож байна. Манайх цахим болон аудио ном, подкаст гэсэн үндсэн гурван бүтээгдэхүүнтэй. Үндсэн үйл ажиллагааныхаа зэрэгцээ бүтээгдэхүүнээ гишүүнчлэлийн үйлчилгээгээр дамжуулж, карт хэлбэрээр борлуулж эхэлсэн. “Цэнэг” бүтээгдэхүүндээ түшиглэж гаргасан юм. Номын баярын үеэр хоёр цахим, нэг аудио ном сонгоод, 30 хоног хэрэглэдэг “Очлуур” үйлчилгээний эрхийг 3000 төгрөгөөр борлууллаа. Харин цахим ес, аудио дөрвөн ном авч, 90 хоног хэрэглэх “Хүчдэл”-ийн эрхийг 10 мянган төгрөгөөр борлуулсан. Сайтаас авах бол арай илүү үнэтэй. Уншигчид цахимаар ном худалдан авч унших нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Аудио номын эрэлт илүү. Цаг хэмнэдэг болохоор тэр байх. Уншигчид машин барьж явахдаа, эсвэл ажлаа хийж байхдаа сонсдог гэж хэлдэг” хэмээлээ.
“Уншигч бяцхан зөгий” нэрийн доор хүүхдийн ном гаргаж, гадаадын зохиолчдын бүтээлээс монгол хүүхдүүдэд хүргэдэг англи хэлний орчуулагч, багш Л.Гэрэлмаатай уулзлаа. Тэрбээр “Бага болон өсвөр насны хүүхдэд зориулсан номууд орчуулдаг. Гол барьдаг чиглэл бол ёс суртахуун. Хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд нийгмийн харилцаанд орохдоо өөрийгөө хэрхэн авч явах, бусдыг ойлгож, үзэл бодлыг нь хүндэлж харилцахын сацуу байр сууриа алдахгүй, олон нийттэй сэтгэл ханамжтайгаар нэгдэж, ажиллаж, амьдрахын ухааныг хэлж өгөх шаардлага бий. Үүний талаар хүүхэд, залуучууд өөрсдөө уншиж, ухаарах нь илүү өгөөжтэй байдаг учраас гадаадын сайн зохиолчдын бүтээлийг орчуулдаг. Бага насны хүүхэд бүр бусдаас ялгаатай. Гэсэн ч хамт олон дунд орохдоо өөрөөс нь ялгаатай хүүхдүүдтэй учраа хэрхэн олж, харилцах талаар зөвлөх агуулгатай номуудыг ч бэлтгэдэг. Цахим хуудсаараа дамжуулж уншигчдад хүргэдэг бүтээлүүдээс хамгийн эрэлттэй номыг танилцуулъя. Унгарын зохиолч, дайны сурвалжлагч Ференц Молнарын өсвөр насны хүүхэд, залуучуудад зориулан бичсэн, Унгар, Итали, Польш, Япон зэрэг олон оронд өсвөр насны хүүхэд, залуучуудын заавал унших номын жагсаалт буюу дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт багтдаг “Паулын гудамжны хөвгүүд” зохиол байна. Тоглоомын талбайн төлөө хөвгүүдийн хоёр өөр бүлэглэл хоорондоо хэрхэн тэмцэл өрнүүлж буйг өгүүлдэг. 1927 онд англи хэлээр орчуулснаас хойш 40 гаруй улсад хэвлэгдсэн энэ зохиол бараг 100 жилийн өмнөх хэдий ч өнөөг хүртэл сэтгэл татам, гайхалтай түүх хэвээр. Энэхүү номд өнөөдөр ч бидэнд дутагдаж байгаа анд нөхдийн харилцан итгэлцэл, үнэнч шударга зан, эцсийн зорилгодоо хүртэл тууштай байх явдал, эрх чөлөөг хайрлах зүрх, сэтгэлийг тод томруун харуулсан, өсвөр насны хүүхэд, залуучуудад ёс суртахуунт зан болоод хүн байхын ариун нандин чанарын тухай өгүүлдэг” гэв.
“Инжинаш паблишн”-аас эрхлэн гаргасан “Сониучхан” цувралд хараа тогтлоо. “I won¬der why” хэмээх, хүүхэд бүрийн тавьдаг “Яагаад” гэсэн асуултын хариултыг хөгжилтэй зураг, хялбаршуулсан тайлбараар хүргэдэг Британийн алдарт цувралыг тус байгууллага монгол хүүхдүүдийн хүртээл болгоод удаагүй ч олонд нэлээд танигджээ. Олзуурхууштай нь, цувралын орчуулгыг монгол бичгээр гаргаж эхэлсэн байна. Бидний хэд нь “Яагаад Колумб далайг гаталсан бэ” гэдэг нэгэн дэвтрийг нь монгол бичгээр уншиж чадах бол. Танилцуулж буй ажилтнаас энэ нь хэр эрэлттэй байдаг талаар асуухад “Та тийшээ хар даа. Англи номын асарт хэр олон хүн байгааг. Гэтэл манай энд та л сонирхож байна. Гэхдээ хүмүүс уншиж чадахгүй ч гэсэн ихэд хүндэтгэлтэй ханддаг нь сайхан санагддаг. Монголчууд монгол бичгээ мэдэхгүй байгаа өнөөгийн энэ байдал удахгүй түүх болох биз ээ. Дандаа ийм дорой байхгүй байх” гэсэн юм.
Цар тахлын үеэр номын баяр зохион байгуулж буйг буруушаах хүмүүс байхад зарим нь “Орон даяар 20 гаруй хоногт сонгуулийн сурталчилгаа явуулж болсон. Хоёр, гурав хоногт задгай талбайд соёлын ийм арга хэмжээ явуулахын буруу гэж юу байх вэ” гэж байлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл доор уг арга хэмжээг зохион байгуулахад номын баярын зөвлөлийн гишүүд, “Номын ертөнц” клубийн гишүүн сурагчид, сэтгүүлийн редакц болон дэмжигчид, оролцогчид, уншигчид ч гар бие оролцжээ.