ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын тав дахь удаагийн олимпиад цар тахлын улмаас өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 19-22-ны хооронд цахимаар зохион байгуулагдсан. Тус олимпиадад 28 улсын 34 хотоос 280 орчим сурагч оролцжээ. Манай улсаас “Орчлон”, 1-р дунд сургуулийн сурагчид хими, физик, математик, мэдээлэл зүйн төрөлд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртэж, өнөөдөр шагналаа гардан авлаа.
Тодруулбал, “Орчлон” сургуулийн 11А ангийн сурагч О.Тэмүжин мөнгөн медаль, 12А ангийн сурагч О.Ундрал хүрэл медаль, 10Д ангийн сурагч Л.Оргилболд хүрэл медаль, нийслэлийн 1-р дунд сургуулийн 11Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал хүрэл медаль хүртжээ. Манай улсын хувьд жил бүр зургаан сурагчийг олон улсын олимпиадад бэлтгэдэг байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нараас гадна их сургуулийн багш нар шигшээ багийн сурагчдыг олон улсын олимпиадад бэлтгэж ирсэн. Энэ удаагийн олимпиадад манай улсын баг багаараа гуравдугаар байр эзэлсэн байна.