“Өнөөдөр”-ийн музей”-гээр Монголын үндэсний музейн сан хөмрөгөөс уудалж байна. Энэ удаа Монголын үндэсний музейн хоёрдугаар давхрын үзмэрийн танхим дахь “Ноён хөрөг” буюу язгууртны хүн чулууг танилцуулъя. Уг хүн чулуу нь XIII-XIV зууны үед хамаарах бөгөөд өндөр нь 160 см. Цагаан гантигаар бүтээсэн эл олдворыг Дорнод аймгийн Халхгол сумын Шонх таван толгой хэмээх газраас илрүүлжээ.
Шонх таван толгойн хүн чулуун хөшөө нь Монголын эзэнт гүрний үеийн хүн чулуун хөшөөдөөс ур хийц, бодит дүрслэлээрээ онцгойрон ялгардаг аж. Хөшөөнд язгууртан эр хүнийг төлөв эрхэмсэг байдалтай сууж буйгаар дүрсэлсэн ба шибилгэр гэзэг, шилэвчтэй малгайтай. Зөв энгэртэй, ташуу захтай дээл өмсөж, гадуур нь богино ханцуйтай давхар хувцастайгаар урлажээ. Өргөн бүстэй, баруун, зүүн ташаандаа хавтага, хутга, тээг тус тус унжуулсан байна. Дээлийн хормойн доороос гутлын хоншоор үл мэдэг цухуйсан бөгөөд язгууртан эр зүүн гартаа аяга барьж, баруун гараа сандлын түшлэг дээр тавьжээ. Исэр сандлын түшлэг, хөл, сууринаа бадам цэцгийг товойлгон сийлсэн. Энэ үед язгууртны хөшөөг л цагаан гантигаар урладаг байсан тухай түүхийн олон эх сурвалжид дурдсан нь бий.